Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт ажлаа хийлгүй хагас жил болж байна. “Т.Билэгт эрүүгийн хэрэгт холбогдож хэрэг нь илрэх болохоор оргосон гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран улсын эд хөрөнгө шамшигдуулсан” гэх мэдээлэл гарсаар байна.
Саяхан хүртэл түүнийг Интерполоор эрэн сурвалжилж баривчилсан гэх бор шувуу нисээд амжив. Бид Т.Билэгтийн 9911-тэй дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөөр байв. Тиймээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалантай уулзаж тодруулсан юм.
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт ажлаа хийлгүй удаж байна. Яг хэзээнээс эхэлж чөлөө авсан юм бэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард богино хугацаанд эмчилгээ хийлгээд ирэх боломжтой гэж үзээд явсан. Гэтэл эрүүл мэндийн байдал нь сайнгүй байсан учир Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдээд гурван сарын цалинтай чөлөө олгосон. Өөрийнх нь санал болгосноор түүнийг Ц.Цогзолмаа дарга орлож байгаа.
-Гэр бүлийн хүн нь өвчтэй гэх мэдээлэл байсан. Хэн нь өвчтэй байгаа юм бэ. Т.Билэгт даргын бие нь тааруу байна гэсэн мэдээлэл тэр бүр дуулдаггүй байсан шүү дээ?
-Ажлаа хийж байхдаа бие нь сайнгүй байсан. Монголдоо эмчлүүлсэн ч сайжраагүй учир гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй болоод явсан. Хүний эрүүл мэндийн байдлыг олон нийтэд дэлгэх нь зохимжгүй. Тэгээд ч би энэ тухай ярих эрх бүхий албан тушаалтан биш.
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай нийлж улсын эд хөрөнгө шамшигдуулсан гэхчлэн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа гарах юм. АТГ, Мөрдөн байцаах газраас Т.Билэгт даргыг асууж, хаана байгааг нь тодруулсан уу. Шүүхийн зарлан дуудах бичиг ирсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Хэвлэлд гарсан зүйлийг уншдаг. Гэхдээ хэргийн талаар мэдэхгүй. Шүүх, цагдаагаас дуудсан бичиг, зарлан дуудах хуудас бидэнд ирээгүй. Харин шаардлагатай мэдээ, баримтыг мөрдөн байцаагч нар хуулийн дагуу архиваас авч үзсэн.
-Та бүхэн холбоотой ажиллаж байна уу. Хамгийн сүүлд хэзээ утсаар ярив?
-Нэлээд хэдэн хоногийн өмнө би утсаар ярьсан. Ярьж байгаа байдлаас нь анзаарахад бие нь тааруу байгаа нь мэдрэгдсэн. “Эмчилгээ үргэлжилж байгаа. Хурдхан л очмоор байна” гэж байсан гэв. НИТХ-ын дарга Т.Билэгт зүрхний өвчнөөр өвчилсөн тухай эх сурвалж мэдээлэв. Тэрбээр эхнэрийн хамт сар шинийн өмнө нутагтаа ирэх гэсэн боловч онгоцны буудалд бие нь тавгүйтсэн учир эмч нар нисэж болохгүйг сануулан эмнэлэгт нь буцаасан гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт татан, Н.Энхбаярын хэргээс тусгаарласан гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж байна. Т.Билэгт АТГ-т гэрчийн мэдүүлэг өгч байсан бөгөөд одоогоор түүнийг эрүүгийн хэрэгт татаагүй аж.
Х.Оюунсүрэн