Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх маргааш хэлэлцэхээр зарласан. Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилоод байгаа. Өмгөөлөгчид хавтаст хэргийг уншиж байгаа бөгөөд зарим нь 29 хавтаст хэргээс дөнгөж 10-тай нь танилцаж амжжээ. Тиймээс өмгөөлөгчид амралтын өдрүүдэд материалтай танилцах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авсан байна. Гэсэн ч энэ удаагийн шүүх хурал дахин хойшлох бололтой. Учир нь хошууч генерал Ч.Амарболд болон хурандаа О.Зоригт нарын бие муу байгаа гэж Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар хэлжээ. Тэр дундаа хурандаа О.Зоригт хүнд хагалгаанд хоёр удаа орж, өнгөрсөн баасан гаригт дахин мэс засал хийлгэсэн юм байна. “Олон цаг үргэлжлэх шүүх хуралд оролцож, удаан хугацаагаар суух боломжгүй. Бие нь тааруу байна” гэж эмч нар нь ярив.