Гадаадын иргэд хуурамч картаар "Хаан" банкны ATM-аас их хэмжээний мөнгө авсныг УМБГ-ын дөрөвдүгээр хэлтсийнхэн илрүүлжээ.
Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Хаан" банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч картаар их хэмжээний мөнгө авсан байна гэсэн мэдээллийн дагуу хэргийг мөрджээ. Эл хэргийг Украин улсын иргэн 33 настай А.Сергей, 24 настай Б.Юрий нар үйлдсэн байна. Гэмт хэрэгтэнүүд долоо хоногийн дотор нийт 15 удаагийн үйлдлээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэгт байрлах бэлэн мөнгөний машинуудаас их хэмжээний мөнгө хуурамч картаар авч, валют болгон хөрвүүлсэн байсан аж. Сергей, Юрий нарыг баривчлах үед 13 ширхэг хуурамч карт, таван ширхэг мастер карт, 100 мянган евро, 300 ам.доллартай байсан байна. Мөн Москва руу нисэх тийз захиалсан байжээ.
Хэрэг мөрдөгдөж байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.
Б.МАНДУХАЙ