Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Г.Энх-Амгаланд холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцлээ.
Г.Энх-Амгалан нь 2010 оны арваннэг, арванхоёрдугаар сард ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолт хийж байхдаа бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа гэх шалтгаар 13 настай жүжигчин О-г таягаар цохиж танхайрчээ. Мөн 2011 оны арваннэгд үгээр сарын 25-нд Владивостокт, 2010 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2011 оны нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Хабаровскт, мөн оны хоёрдугаар сарын 26 хүртэлх хугацаанд Красноярск хотод тоглохдоо мөн л алдаа гаргалаа гэж шавиа удаа дараа зодож, тарчлаасан байна.
Г.Энх-Амгаланд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх энэ оны хоёрдугаар сарын 7-нд анхан шатны журмаар хэлэлцээд таван жил нэг сар хорих ял ногдуулсан. Анхан шатны шүүхээс оноосон ялыг тэрбээр эс зөвшөөрч, Нийслэлийн шүүхэд давж заалдсан бөгөөд тус шүүх хэргийг гуравдугаар сарын 29-нд хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Г.Энх-Амгаланг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан бодит хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд ял шийтгэл хөнгөрүүлж онооход татгалзах зүйлгүй гэсэн, мөн прокурор хуульд зааснаас доогуур ял ногдуулах санал гаргасан зэргийг харгалзан хорих ялыг гурван жил зургаан сар болгон өөрчиллөө.