Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны гуравдугаар сарын 14-нд захирамж гаргаж, “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх” тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг томилжээ. Ажлын хэсгийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЦЕГ, ЭЦГ-аас хамтран өнгөрсөн даваа гаригт “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн ялын бодлого” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ЕТГ, ХЗДХЯ, ЦЕГ, ЭЦГ, УМБГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 гаруй ажилтан, эрдэмтэн, судлаач оролцсон байна.
Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Оюунболд “Хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой эрүүгийн хэргийн шийдвэрлэлт”, Сургалтын албаны дарга, доктор Ж.Мөнхболд “Хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн бусад улс орнуудын эрүүгийн ялын бодлого”, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Болдбаатар “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, ШШГЕГын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж, ял эдлэж байгаа болон энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүй, нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж санал солилцсон байна.
Г.ЦОЛМОН