Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор уржигдар орой ирсэн Филиппин улсын иргэний тээшнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн ажилтнууд багагүй хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Өнгөрсөн даваа гаригийн үдэш дээрх чиглэлийн хэд хэдэн онгоц буусны нэгэнд нь Филиппиний иргэн ирсэн аж. Гаалийн ажилтнууд түүний ачааг шалгаад, сэжигтэй зүйл илэрсэн тул лавшруулахаар дахин шалгалт хийсэн байна. Шинжилгээгээр мансууруулах бодис гэж гарсан тул нарийвчилсан үзлэг хийлгэхээр Гаалийн төв лаборатори руу шилжүүлжээ.
Энэ талаар Буянт-Ухаа дахь гаалийн ажилтнуудаас лавлахад “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Цагдаа, тагнуулын байгууллагынхан ч мэдээллийг ихэд нууцалж байлаа. Баттай эх сурвалж “Гаалийн ажилтнуудын илрүүлсэн бодисыг шинжлүүлэхээр гаалийн болон мэргэжлийн хяналтын лабораторт шилжүүлсэн. Сэжигтнийг цагдаагийн байгууллагынхан авч явсан.
Шинжилгээний хариу гарсны дараа мансууруулах төрлийн бодис гэдэг нь батлагдвал мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Түүний зэрэгцээ Филиппиний иргэнээс ачааг нь хүлээж авах ёстой байсан хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн” гэсэн юм. Өөр нэгэн эх сурвалж “Филиппиний иргэнээс дөрвөн кг гаруй мансууруулах бодис хурааж авсан. УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж байгаа” гэсэн юм.
Г.РАВЖАА