Хилийн 0245 дугаар ангийн … дугаар заставын хариуцсан хэсгээр энэ сарын 10-нд ОХУ-ын талаас хоёр явган хүн хил зөрчиж иржээ. Тэднийг улсын хилээс холгүй явж байхад нь хилчид илрүүлэн, саатуулах үед нэг нь зугтаж хил давсан байна. Хилчдийн саатуулсан хүн нь ОХУ-ын Тува улсын иргэн Сотпа Мариян Орланович байж. Тэрбээр мал хулгайлах зорилготой орж ирсэн хэмээн хилчдэд тайлбарласан аж. Тэрбээр “Вепрь” маркийн 7.62 мм-ийн буугаар зэвсэглэж, 15 ширхэг сум авч явжээ.
Хил зөрчигч нь ОХУ-ын Мөнгөн тайга хошууны Кызыл хаяа тосгонд амьдардаг нэгэн аж. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 2008 онд Увс аймгийн иргэний долоон үхрийг хулгайлж байжээ. Сотпа Мариян Орланович энэ хэрэгтээ Тувагийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон юм байна. Гэвч тэрбээр эдлэх ёстой ялаасаа нэг жил найман сарыг биеэр эдлээд суллагдсан байж. Тэрбээр ялтай байх хугацаандаа дахин мал хулгайлахыг завджээ.
Уг этгээдийг хилчид цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлж шалгуулахаар хүлээлгэн өгчээ.
Г.ЦОЛМОН