Чингэлтэй дүүргийн шүүхэд Х.Ганбаатар, Ц.Баярсайхан, Т.Баярбаатар, Х.Лунх-Очир, Д.Мөнхбаяр, Г.Мөнхболд, Г.Ганхуяг нарт холбогдох эд зүйл хууль бусаар хил давуулсан гэх хэргийг хэлэлцэж, ял оноолоо. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Би чигтийн хилийн боомтоор тар ваганы 10100 ширхэг арьсыг 68-42 УБВ, 45-26 ДГА улсын дугаартай автомашинд нуун хил давуулсан юм. Харин үлдсэн хоёр хүн нь тэдний тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлэхэд хил, гааль, мэргэжлийн хяналтынханд шаардагдах баримт бичиг үйлдэж өгсөн юм байна.
Гэмт хэрэгтнүүд Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа С.Эзэннайрамдахад БНХАУ-д суралцдаг охиных нь дансаар дамжуулж 13 мянган юань, гаалийн байцаагч нарт 10 сая төгрөгийн хахууль өгсөн гэж тайлбарладаг. Харин С.Эзэннайрамдах болон гаалийн байцаагч нарыг шалгахад авлига авсан нь тогтоогдоогүй, хилээр эд зүйл нэвтрүүлэхэд оролцоогүй нь батлагдсан аж. Чингэлтэй дүүргийн шүүхээс Х.Ганбаатар, Т.Баярбаатар нарт зургаа, Г.Ганхуягт 5.6, Х.Лунх-Очир, Г.Мөнхболд нарт 3.5, Ц.Баярсайханд 3.8 жил хорих ял оноож, тус бүрээс нь 100-500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураахаар болжээ. Харин Г.Мөнхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.