Монгол орон газрын хэвлий дэх баялгийнхаа хажуугаар түүх, соёлын хосгүй үнэт зүйлсээрээ дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Аль XX зууны эхэн үеэс л гадаадынхан тив алгасаж Монголд ирээд палеонтологийн ховор олдворыг ямар ч хяналтгүй шахам авч явсан түүх бий. Тэр үеэс ч өмнө гадаадын булш ухагчид Монголд ирж, булш хиргисүүр тонож байсан гэж түүхчид, судлаачид хэлдэг. Хэдий тийм ч манай газар доороос түүх, соёлын олон дурсгалт зүйлс олдож байдаг.
Хамгийн сүүлд гэхэд палеонтологийн ховор олдвор арслан зааны соёог иргэд олж, гадагш нь гаргах гэж завдсаныг хилчид саатуулсан юм. Түүнээс гадна “Оюутолгой” төслийнхөн гэхэд үйл ажиллагааныхаа явцад археологи, палеонтологийн багагүй олдвор олж, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Тэд уул уурхайн үйл ажиллагааны явцад соёлын өвийг эвдэрч гэмтээхээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө тухайн газар дээрээ хайгуул судалгаа хийлгэдэг юм билээ.
Энэ ажлын явцад Гурвансайхан уулнаас хиргисүүрүүд олжээ. Энэ нь 2000-3000 жилийн өмнө зүүн Сибирь, Алтайн уулс, Төв Монголын нутаг дэвсгэрт тархсан соёлын хэсэг юм. Говийн иргэд хиргисүүртэй холбоотой зан үйлд оролцдоггүй гэж археологичид үздэг гэсэн. Тийм болохоор энэ газар нутагт тухайн үед өөр зан заншилтай хүмүүс оршин сууж байжээ гэж эрдэмтэд үздэг юм билээ. Эндээс харахад Монгол орны газрын хөрс ямар их баялаг агуулж байгаа нь ойлгомж той. Харин түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүү дээр маань харийнхан биднээс илүүтэйгээр мөнгө олж, баяжиж байгааг харахад бид ч үүнийг өөрсдөө хийж болно шүү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Гадаадад хэдэн жилийн өмнө гаргасан үзэсгэлэнгүүдээс заримыг буцаан авчирч, байхад нэг хэсэг нь сураггүй болжээ.
АНУ-д “Чингис хаан” гэдэг үзэсгэлэн гаргаж, олныг гайхашруулсан. XIII зууны үе, Чингисийн эзэнт улсын байлдан дагууллыг харуулсан энэ үзэсгэлэнг гаргахын тулд АНУ-ын иргэн Дон Лессем хувиараа хөөцөлдөж, БСШУЯны музей хариуцсан хүмүүстэй гэрээ хийж, түүх соёлын олон эд өлгийн зүйл авч явсан юм билээ. Эл үзэсгэлэнд Чингисийн алтан ургийн угийн бичиг, XIII зууны үеийн зэр зэвсэг болон хөгжмийн зэмсэг гээд 200 гаруй үзмэр дэлгэсэн байна. Гадаадын жирийн нэг иргэн ийнхүү хөөцөлдөж байгаад манайд энэ үзэсгэлэнд тавих түүх соёлын хосгүй үнэт бүтээл авч явсныхаа төлөө 200 мянган ам.доллар л төлөх гэрээ хийсэн тухай БСШУЯ-ны эх сурвалж өгүүлээд “Манай холбогдох албаны хүмүүс ч гэсэн яамыг төлөөлж гадаадын жирийн иргэнтэй гэрээ хийж байдаг. Алга болсон, солигдсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь ч тодорхойгүй. Ийм гэрээ хийж, түүгээр зогсохгүй гадаадад Монгол Улсыг сурталчлах нэрээр дарга удирдлагынхаа тархийг угааж, үнэт бүтээл гаргадгаа болимоор байна” гэсэн юм.
Үзэсгэлэн хэчнээн удаа сунгасан нь тодорхойгүй. Гэрээ сунгасны төлөө хэчнээн доллар хаанахын хэний халаасанд орсныг хэн ч мэдэхгүй. АНУ-ын Чикаго хотын “Field museum”-д гарч буй энэ үзэсгэлэнгийн тасалбар 22-29 ам.доллар. Монгол мөнгөөр ойролцоогоор 36 мянган төгрөг. Чикаго хотын хүн амын тал хувь нь үзнэ гэж тооцохоор нэг хотоос бараг Монголд төлөх мөнгөө хялбар хан олчихно гэсэн үг. Гадаадынхан Монголын баялаг, түүх, соёлын дурсгалт зүйлсээр амархан мөнгө олж болдгийн тодхон жишээ энэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнгээс АНУ-ын иргэн Дон Лессем хэчнээн хэмжээний ашиг олж буй нь ойлгомжтой.
400 гаруй сая хүнтэй Америкийн багагүй хэсэг нь үзсэн байх магадлалтай. Тэрбээр 2008 онд энэ үзэсгэлэнг гаргахаар авч явсан юм байна. Түүнээс хойш таван жилийн хугацаанд АНУ-ын олон хот, түүнээс гадна өөр улсад ч гаргасан гэх мэдээлэл бий. Уг нь өөр улсад үзэсгэлэн гаргахдаа БСШУЯ-нд мэдэгдэх талаар дурдсан ч үүнийгээ бие лүүлээгүй гэх хардлага ч тус яамны хны дунд бий. Уг нь гадаадад түүх, соёлын дурсгалт зүйлс гаргахыг хориглох талаар хууль хяналтын байгуул лагаас тодорхой арга хэмжээ зохион байгуулсан ч зарим албаны хүн үүнийг эсэрг үүцсээр байгаад цуцалсан гэх мэдээлэл ч байдаг.
Манай улсаас гадаад оронд үзэсгэлэн болон судалгаа шинжилгээнд явуулах зорилгоор гаргаж буй түүх, соёлын дурсгалуудыг хилээр нэвтрүүлэхдээ хэрхэн баримтжуулах, хаана, хэн хариуцаж хийх, яаж хүлээлцэх, ямар баримт бичиг үйлдэх, даатгалын асуудлыг хэрхэн шийдэх, тухайн дурсгал алга болсон, гэмтсэн, хуулбарлагдсан тохиолдолд хэн хариуцах, хохирлыг хэрхэн барагдуулах, хэзээ эргэж ирэх, хугацаандаа ирээгүй нөхцөлд асуудлуудыг яаж зохицуулах талаар журам холбогдох байгууллагаас гаргаагүй юм байна. Тиймээс хил давуулсан үзмэр, үзэсгэлэнгүүдийн бүрэн бүтэн байдал алдагдах, өмнөх үзмэрээ авчраагүй атлаа дахин шинээр гэрээ байгуулах гэж яваа тохиолдол нэг бус удаа гарч байгаа аж. Тэдний нэг бол “Чингис хаан” үзэсгэлэнг Монгол Улсыг сурталчлах нэрээр гаргасан дээрх хүн юм билээ.
БСШУЯ-ны албаны хүн “Дон Лессем гэдэг АНУ-ын иргэн өмнөх үзэсгэлэнгээ эх оронд нь буцааж авчраагүй атлаа дахин үзэсгэлэнгийн бүтээл авахаар ирсэн. Тэр үед нь танай сонинд “Монголын түүх соёлоор бизнес хийгч америк эр дахин гэрээ хийхээр иржээ” гэсэн мэдээлэл гарснаас болж, түүнтэй гэрээ хийхээс түдгэлзсэн. Манай холбогдох албаны хүмүүсийн хэлснээр өмнөх үзэсгэлэнг нь авчирсны дараа дахин гэрээ хийх асуудлыг ярилцахаар болсон. Тэрбээр ирэх есдүгээр сард “Чингис хаан” үзэсгэлэн гаргахаар авч явсан бүтээлүүдийг тоо ёсоор авчирч, холбогдох албаныхан хүлээн авсны дараа дахин үзэсгэлэнд гаргах зүйл авч явах эсэх талаар гэрээ хийхээр болсон гэсэн. Юутай ч танайд гарсан мэдээлэл үр дүнд хүрсэн бололтой” гэсэн юм.
Гадаадад гаргаж буй үзмэрүүд эргэж ирэхгүй, хуулбарлагдах тохиолдол гарч байгаа гэж мэргэжлийн хэд хэдэн хүн манайд мэдээлж байсан. Тэр байтугай онгоцоор эхийг нь ачаад нисдэг, эргэж ирдэг эсэх нь эргэлзээтэй. Дуурайлгаад хуулбар явуулчихсан байхад түүнийг мөн эсэхийг таних боломж байдаг, үгүй нь эргэлзээтэй. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар үнэт өвүүдийг гадаадад гаргахыг хориглосон боловч энэ нь хэрэгждэггүй. Тус яамны цөөн хэдэн албан тушаалтан үүгээр бизнес хийж, зөвшөөрөл олгоод гадаад руу гаргах эрх өгсөн байдаг юм байна.
Хилээр гаргах, тусгай зөвшөөрөл авах, олгоход мэргэшсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай мэдээлэл ч тагнуулын байгууллагад байдаг юм билээ. Тэдгээр хүмүүс хэний зөвшөөрлөөр түүх соёлын дурсгалт зүйлс хил гаргадаг болохыг гаалийн байгууллагынхан судалж, мэдээд буй гэнэ. Түүгээр зогсохгүй ҮАБЗ-д ч мэдээлэл нь хүргүүлсэн, нууцын зэрэгтэй материал байдаг тухай албан бус эх сурвалж хэлэв. Энэ мэтээр Монголыг сурталчлах нэрийн дор хууль бусаар түүх, соёлын дурсгалт зүйл хил давуулдаг арга нарийсаж буй учир хууль эрх зүйн зохицуулалтаа чангатгах хэрэгтэй байна. Ер нь цаашид гадаадад үзэсгэлэн гаргаж бус, гаднын жуулчдыг археологи, палеонтологийн ховор, хосгүй нандин олдвороор үзэсгэлэн гаргаж татах бодлого манай төр засгийн зүгээс баримталбал жуулчдаас хэдэн төгрөг “сааж” болмоор санагдана. Жишээ нь, АНУ-д гарч буй “Чингис хаан” үзэсгэлэнгийн каталоги, танилцуулга гэхэд 5-10 ам.долларын үнэтэй байгаа гэж АНУ-д амьдардаг нэгэн хүн бидэнд хэлсэн юм. Уг нь зурагт танилцуулга гаргахын тулд БСШУЯ-наас зөвшөөрөл авсан байх ёстой гэдгийг тус яамны болон бусад мэргэжлийн байгууллагын ажилтан өгүүлсэн. Тэгэхээр үзэсгэлэнгийн танилцуулга, зурагт хуудаснаас цөөнгүй ногоон мөнгө “тоншиж” болмоор.
Зураг авах, бичлэг хийхэд мэдээж тодорхой хэмжээний төлбөр авах зарчим манайд одоо ч байдаг. Энэ мэтээр жуулчдын халааснаас хэдэн доллар авчих боломж харагдаад байгаа юм. Харамсалтай нь жуулчдыг татах аргаа манайхан олохгүй байгаагаас гадаадынхан бидний юмаар хүүдэгнэж байгаа юм. Дотооддоо томоохон үзэсгэлэн, музейтэй болж, харийнхны нүдийг хужирлах түүх соёлын дурсгалт зүйлсийнхээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүнээсээ ашиг олдог бол 200 мянган доллар байтугайг олох нь дамжиггүй шүү дээ.
Г.ЦОЛМОН