Долоодугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдаад буй хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг 14 хоног баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр гаргалаа. Баривчлах захирамж гаргасны дараа өмгөөлөгч О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхийг хүссэн юм. Гэтэл тус дүүргийн шүүхийн цагдаа нар “Машинд ачигдахдаа үгээ хэл. Одоо шууд саатуулах өрөө рүү яв” гэж чирсээр 17.40 цагт авч оров.
Шүүх бүрэлдэхүүнийг ахалж буй шүүгч Ч.Хосбаяртай уулзаж “О.Алтангэрэл өмгөөлөгчийг яагаад саатуулж байгаа юм бэ. Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ) дөнгөж сая мэдээлэл хийж өмгөөлөгчид хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн” гэхэд “Би эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр ажилдаа орсон. Миний гаргасан шийдвэр биш. Өмгөөлөгчийг баривчлах тухай би мэдээгүй” гэв.
МӨХ-ны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд ирж өмгөөлөгч О.Алтангэрэлийг өмгөөлөх хүнийг сонгон ажлын цаг тарахаас өмнө захирамжийг эсэргүүцэн хүсэлт гаргахаар бэлтгэж эхлэв. Шүүхээс захирамж гаргах гэсээр байтал ажлын цаг дууссан учир өмгөөлөгчдийг шүүхийн байрнаас гарахыг шаардсан юм. Шүүгдэгч Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын ар гэрийнхнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс дуудсан аж. Хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг “Шүүх хурлын тов гарсан. Яаралтай өмгөөлөгчөө сонго гэж шүүхээс ярьсан” гэв. Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Бид шүүгчийн ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Захиргааны хариуцлага хүлээлгэн баривчлах шийдвэрийг н.Сүхбаатар шүүгч гаргасан байх. Шүүгчийн захирамжид юу гэж дурдсаныг би сайн мэдэхгүй” гэв.
Өмгөөлөгч О.Алтангэрэлийг 18.55 цагт Албадан саатуулах, баривчлах төв рүү ачив. Тэрбээр “Би шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Намайг хорилоо гээд би айж, өмгөөлөгчийн ажлаа орхихгүй. Хууль бус үйлдлийн төлөө тууштай тэмцэх болно” гэв. Өмгөөлөгч О.Алтангэрэлийг саатуулахаас нэг цагийн өмнө МӨХ-ны Удирдах зөвлөлийнхөн “Өмгөөлөгчид хууль зөрчөөгүй, Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу зохих алхмыг хийсэн байна.
Шүүх өмгөөлөгчийн хууль ёсны хүсэлтэд заавал хариу өгөх ёстой. Гэвч нэг ч удаа биелүүлээгүй” гэж мэдэгдсэн юм. Гэтэл ца гийн дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч шүүхийн журам зөрчсөн, үл хүндэтгэсэн гэж О.Алтангэрэлийг саатууллаа. Энэ үйл явдал нь хууль хяналтын байгууллага улстөржиж, эрх мэдэлтний гар хөл болж буйг гэрчиллээ. Монголд нэг л хууль үйлчилдэг баймаар. Харин хуулийг хэн нь шударга хэрэгжүүлж байгааг ойлгоход үнэхээр бэрх боллоо.
Х.ОЮУНСҮРЭН