“Долоодугаар сарын 1”-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 16-ны даваа гаригийн 10.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэхээр товложээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, үйлчлүүлэгчдээсээ татгалзаж буйгаа албан ёсоор зарласан. Тэд шүүхийн хууль бус үйл ажиллагаа, дээрээс өгсөн чиглэлийн дагуу ял оноохоор төлөвлөж буйг эсэргүүцэн ийм шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.
Ирэх долоо хоногт товлосон шүүх хурал хойшлох нь тодорхой болоод байна. “Шүүх шүүгдэгчдийн эрхийг зөрчиж, өмгөөлүүлэх эрхийг нь хангалгүй, дээрээс өгсөн чиглэлийн дагуу ял оноохгүй нь ойлгомжтой. Тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийг сонгож авах, 27 хавтаст хэрэгтэй танилцуулах үүднээс хойшлуулах нь ойлгомжтой. Энэ хэргийн шүүгдэгч нарт оноох ялын тогтоолыг эртнээс төлөвлөсөн байсан. Гуравдугаар сарын 14-нд болох байсан шүүх хурлын үеэр нэг шүүгчийнх нь туслах өмгөөлөгчид өөр нэг хэргийн шийтгэх тогтоол хуулбарлаж өгч байгаад эндүүрч “Долоо дугаар сарын 1”-ний гэх хэрэгт татагдсан цагдаагийн удирдлагад холбогдох хэргийн шийтгэх тогтоол гэсэн материал хувилж өгсөн гэх мэдээлэл бий” гэж эх сурвалж хэлсэн юм.
Г.РАВЖАА