Баянзүрх дүүрэгт өчигдөр 09.30 цагийн үед хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тус дүүргийн IV хорооны нутаг, “Американ дэнж” хотхоны 11, 12 дугаар байрны гадна эрэгтэй эмэгтэй хоё хүн маргалдаж байгаад, залуу нь эмэгтэйгээ хутгалжээ. Эмэгтэй нь газар дээрээ нас барсан бөгөөд сэжигтэн залуу цагдаагийнхныг ирэхээс өмнө өөрийнхөө хэвлийд мөн хутгалжээ. Энэ үйлдлийг ойролцоох дэлгүүрийн худалдагч харж, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Яаралтай тусламж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт очсон байна. Тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч эмэгтэй цээж, нуруундаа хутганы есөн шарх авсны улмаас амиа алджээ. Харин сэжигтэн залуу 15.00 цагийн үед яаралтай мэс засалд орж байгаа гэв. Уг хэргийг үйлдсэн этгээдийг Г.Мөнхбат гэдэг, тэд гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан нь шалгалтын явцад тогтоогдоод буй бөгөөд шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн байсан аж.