Монгол орны түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих, сэргээн засварлах нэрээр, заримыг нь хулгайгаар гадаадад гаргасаар сураггүй болсон нь цөөнгүй. Монголын доод цэрдийн галавын үеийн палеонтологийн олдвор болох динозаврын хэд хэдэн ясыг үзэсгэлэнд тавих нэрээр 2008 онд АНУ-д гаргасан ч буцааж аваагүй байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Тэгвэл одоогоос 15 жилийн өмнө Үндэсний номын санд хадгалж байсан үйсэн дээр бичсэн номыг ХБНГУ-д сэргээн засварлах нэрийдлээр тус улс руу гаргажээ.
Харамсалтай нь, өнөөг болтол энэ ном эргэж ирээгүй, буцааж авах талаар тус улс руу холбогдох байгууллагаас албан бичиг явуулдаг ч хариу өгдөггүй гэнэ. Холбогдох байгууллагуудад ирсэн мэдээллээр үйсэн дээр бичсэн уг ном хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүгээр зогсохгүй соёлын энэ чухал эх сурвалжийг сэргээн засварлах нэрээр авч явсан ХБНГУын иргэний бие муу байгаа гэсэн мэдээллийг манайханд ирүүлжээ. Зарим эх сурвалж “Хэрэв энэ номыг авч явсан хүн нас барчихвал манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл буух эзэн, буцах хаяггүй алга болно. Тиймээс яаралтай авах талаар арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэсэн юм.
Манай мэргэжлийн хяналтын байгууллагынхан газар дээр нь очоод өөрсдийнхөө эд зүйлд хяналт тавих эрх байдаггүй учраас хий дэмий л бичиг тоот илгээхээс хэтэрдэггүй аж. Тиймээс Соёлын өвийн тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа энэ үед хилийн чанадад сэргээн засварлах, үзэсгэлэн нэрээр гаргасан зүйлсээ шалгаж байх заалтыг хуульд оруулах хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Г.РАВЖАА