Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг “Эрдэнэзуу” музейгээс Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж, зувчуулсан цөөнгүй хэрэг гараад байгаа.
Хэдэн жилийн өмнө тус музейн нярав Г.Баяраа Өвөрхангай аймгийн харьяат, “Тансаг” нэртэй эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн С.Энхтайвантай хамтран бурхдаа хулгайлан, оронд нь хуурамчийг тавьдаг байсан нь илэрсэн. Г.Баяраа нь хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон тав, үнэт бүтээлд тооцогдох 17 бурхныг сольж, БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамчийг дээрх 22 бурхныхаа оронд тавьсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж.
Тиймээс Г.Баяраад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд завшсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцүүлэхээр болжээ.
Г.ЦОЛМОН