Долоодугаар сарын 1-ний үеэр ажилдаа хайнга хандсанаас таван хүний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн дарга нарыг эрүүгийн хэрэгт татаад байгаа. Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр өнгөрсөн сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид болсон шүүх хурлын үеэр хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй учир хойшлуулж өгөхийг хүссэн.
Бусад өмгөөлөгчид шүүгчийн хууль бус шийдвэрийг эсэрг үүцэж буйгаа илэрхийлэн үйлчлүүлэгчээс татгалзсан учир дараагийн хурал хэзээ болох нь тодорхойгүйгээр дахин хойшилсон. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад хэргийг түдгэлзүүлэх ёстой юу, дараагийн шүүх хурал хэзээ болох, шүүгдэгчдийг өмгөөлүүлэх эрхээр нь хэрхэн хангах талаар эх сурвалжуудаас тодрууллаа.
Д.НАРАНЧИМЭГ: ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЭСЭХ НЬ ШҮҮХИЙН ШИЙДЭХ АСУУДАЛ
Хошууч генерал Ч.Амарболд нарын дөрвөн хүнийг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлтийг прокурор С.Хишигжаргал үйлдсэнийг өмгөөлөгчид нь эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл шүүх Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэснийг хэрэгсэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн, эсэхийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгээс тодрууллаа.
-Цагдаагийн дарга нартай холбоотой хэргийн зүйл анги хүний эрхийг зөрчиж, тэгш байдлыг алдагдуулж байгаа талаар өмгөөлөгч О.Алтангэрэл гомдол гаргасан. Энэ асуудлыг хянаж, маргааныг шийдэх асуудал ямар шатанд байна вэ?
-Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаагүй байрхад байр сууриа илэрхийлэх боломжгүй. Иргэнээс ирсэн гомдлын мөрөөр Үндсэн хуулийн цэцийн шийдэх асуудал мөн, эсэхийг тогтоогоод шалгах ажлыг эхлүүлсэн. Бид хуульд заасан 30 хоногийн дотор бичиг баримт, бусад материалыг бүрдүүлж хурал зарлах, эсэхийг шийддэг. Тухайн хэрэг хэнд хамаатай, ямар хэрэг байх нь бидэнд хамаагүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн нэг зүйл ангийн талаарх гомдлыг бид шалгаж хариу өгөх учиртай.
-Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн үед хэргийг түдгэлзүүлэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан байдаг. Гэтэл шүүгч, өмгөөлөгч нар өөр өөрөөр тайлбарлаад байх юм?
-Бидэнд огт хамааралгүй асуудал. Хэргийг түдгэлзүүлэх, эсэх нь шүүхийн шийдэх хэрэг гэв.
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагаас тодруулга авах гэсэн боловч тэрбээр “Ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэв. Цагдаагийн дарга нартай холбоотой хэргийн шүүх хурлыг даргалагч, Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хос баяртай холбогдон энэ талаар тод руулахад “Би эмнэлэгт хэвтэж байна. Түүнээс гадна би хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтарч ажиллахгүй байгаа. Өөр эх сурвалжаас энэ талаар тодруулсан нь дээр байх” гэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга н.Батсайхан “Шүүх хурлын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өгөхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээллийн албанаас ав. Энэ долоо хоногт шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нартай холбоотой хэргийн шүүх хурал товлогдоогүй” гэв.
О.АЛТАНГЭРЭЛ: ШҮҮХЭЭС БИДЭНД ЯМАР НЭГЭН ШААРДЛАГА ТАВИАГҮЙ
Нийслэлийн шүүхийн удирдлага Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү, Ш.Батсүхийн өмгөөлөгч, Д. Энхтунгалаг, Ц.Итгэл, Г.Ганбаатарын шинэ өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг дуудаж уулзжээ. Өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Нийслэлийн шүүх өмгөөлөгч нарыг дуудаж уулзсан гэсэн. Ямар асуудлаар ярилцав. Шүүх хуралд оролцохыг шаардсан гэсэн үү?
-Бидэнд ямар нэгэн шаардлага тавиагүй. Бидний санал хүсэлтийг сонсон, шүүгдэгчийн эрхийг онцгой анхаарч ажиллах талаар ярилц лаа. Бид ч бас ийм байр суурьтай байгаа гэдгээ хэлсэн.
-Та нар үйлчлүүлэгчээсээ татгалзсан хэвээр байвал дахин өмгөөлөгч авах уу. Асуудлыг шийдэх ямар гарц байна вэ. Шүүх хуралд заавал өмгөөлөгч оролцох ёстой биз дээ?
-Бид эхлээд үйлчлүүлэгчтэйгээ уулзана. Өнгөрсөн шүүх хурлын үеэр ийм боломж олдоогүй учраас одоо уулзаж байж л шийднэ дээ.Шүүгдэгч өмгөөллийн туслалцаа авах нь Монгол Улсын иргэнд Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон эрх.
-Шүүгч, шүүхийг хууль зөрчиж байна гэж та бүхэн үзэж байгаа. Хууль зөрчсөн үйлдлийг нь хэн хянаж, тогтоох ёстой юм бол. Та бүхэн дээд шатны байгуулагад нь гомдол гаргасан уу?
-Бид юуны түрүүнд Өмгөөлөгчдийн холбоонд хандсан. Энэ асуудлаар холбоо маань дүгнэлт гаргах байх. Бидний үзэж байгаа зөв, өмгөөлөгчдийн тавьсан хүсэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарвал хандаж болох олон байгууллага бий. Гэхдээ бид мэргэжлийн байгууллагын гишүүн учир холбооны байр суурийг хамгийн түрүүнд хар галзах ёстой, ийм ч үүрэгтэй.
Х.ОЮУНСҮРЭН