Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа өчигдөр “Долоодугаар сарын 1”-ний гэх тодотголтой цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг шүүх хурлын эргэн тойронд болсон үйл явдал, өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээсээ татгалзсан, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн, хэвлэл мэдээллийнхнийг ялгаварласан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан. Цагдаагийн албан тушаалтан Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох хэрэгт төрийн нууцад хамаарах мэдээ баримт бий. Уг мэдээ баримт нь шүүх хуралдааны аль ч үе шатанд хэлэлцэгдэх боломжтой тул Сүхбаатар дүүргийн шүүхийн бүрэлдэхүүн хуульд заасны дагуу хэргийг хаалттай хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримтыг задруулах нь Төрийн нууцын тухай хуулиар хориглосон үйлдэл төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогддог тул энэхүү хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Түүнээс гадна иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, зураг авах, бичлэг хийх, шүүх хуралдааны ажиллагааг олон нийтэд дамжуулан хүргэхийг хязгаарлаж, хориглох эсэх нь шүүх хуралдаан даргалагчийн бүрэн эрхэд хамаардаг. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг захирамжаар шийдвэрлэдэг. Харин Цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үе шатанд Үндсэн хууль зөрчсөн гэх нөхцөл байдал үүсээгүй тул шүүх хуралдааныг товлон зарлаж, бүрэлдэхүүн томилогдсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатнаас эхлэн тухайн эрүүгийн хэргийн талаар гаргах процесс ажиллагааны шийдвэрүүд нь шүүх хуралдааны явцад хамтын зарчмаар буюу гурван шүүгч хянан хэлэлцсэн байх учиртай. Гэтэл нэр бүхий цагдаагийн албан хаагч нарт холбогдох хэрэгт ажилласан өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслахын оронд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх явдалд янз бүрийн хэлбэрээр саад учруулж, шүүгдэгч нарын болон олон нийтийн эрх ашгийг хохироож байна. Мэргэжлийн өмгөөлөгч хүн ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, хуулийн хүрээнд ажиллах нь өмгөөлөх үйл ажиллагаанд баримтлах нэн тэргүүний зарчим.
Гэтэл шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байхад өмгөөлөгч нар нь “мэдлэг, чадвар хүрэхгүй байна” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн нь тэдний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй мэргэжлийн нэр хүндийг унагасан хариуцлагагүй үйлдэл. Иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн атлаа шалтгаангүйгээр өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хурлыг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх шүүн таслах ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулсан, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, өмгөөлөгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна” гэв.