Монголбанкны Эрдэнэсийн санд уул уурхайн компаниудын тушаасан алтнаас багагүй хэмжээгээр дутаж, тус банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэгт холбогдуулж тус банкны Эрдэнэсийн сангийн нягтлан бодогч Ц.Цагаанхүү болон алтны ченж гурван хүнийг цагдан хорьсон байсан юм. Тэднийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргажээ.
Эрүүгийн хуулийн 150, 156 дугаар зүйлд заасан Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, итгэмжлэн хариуцсан этгээд эд хөрөнгө завшсан хэрэгт татагдаад байгаа дээрх дөрвөн хүний бие муудаж, нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан учраас батлан даалтад гаргасан гэнэ. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд 18 кг алт дутагдсан аж.
Монголбанкны гадаадад шүүлгэж цэвэршүүлсэн алтны сорьцын зөрүүн дээр “тоглон”, бага багаар авсаар 18 кг-д хүрсэн гэнэ.
Г.ОРЧЛОН