Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүүд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр дахь удаагаа 11 жил хорих ял оноолоо. Уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх тогтоол гаргав. Түүнийг 43 капсул буюу 0.523 кг героиныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэрэгт буруутайд тооцон дээрх шийдвэрийг гаргажээ. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд болсон эл хуралд гэрчээр дуудагдсан Д.Болдбаатар, шүүгдэгчийн дүү Н.Сайханцэцэг нар мэдүүлгээ өгсөн байна.
Өмнө нь болсон шүүх хуралд Ц.Улаанхүүг хар тамхи зарах гэж байгаа тухай мэдээлэл цагдаа гийнханд өгсөн Д.Болдбаатар оролцож байгаагүй билээ. Улсын начин Ц.Улаанхүүд өмнө нь тус шүүхээс 11 жилийн хорих ял оноосон бөгөөд Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүхийн шүүгчид уг асуудлыг хэлэлцээд мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, гэрчээс дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан билээ.
Г.РАВЖАА