Улсын хилээр гаргахыг хориглосон хуш модны их хэмжээний самрыг хятадуудтай хамтран хил давуулан наймаалах хэрэг тасрахгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр цагдаа, гаалийн ажилтнууд өмнөд хөршийн иргэд их хэмжээний самрыг хууль бусаар цуглуулсан байсныг илрүүлж, түүнийг нь нуухын тулд хятадуудаас авлига авсан цагдаа нарын хэрэг дуулиан болоод байгаа. Түүний зэрэгцээ манай орны алслагдсан бүс нутгийн хилийн боомтоор их хэмжээний самар гаргахыг оролдсон тохиолдол гарсан.
Энэ оны хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Б.Сайнбаяр, Ч.Баянтөр нарын гурван хүн хүнд даацын ачааны “Фотон” маркийн машинд цайруулсан 500 орчим шуудай буюу хушны 20 тонн самрыг Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Өвдөг-Баянхошууны боомтоор гаргах гэж явсныг Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн хууль бус худалдаатай тэмцэх хяналт шалгалтын багийн гишүүд илрүүлсэн билээ. Хяналтын албаныхан дээрх хүмүүсийн самар ачсан машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг нь хураан аваад Дорнод аймгийн төв рүү “Араас дагаад яваарай” гэчихээд явсан аж. Гэтэл самрын ченжүүд хяналтын албаныхнаас зугтан Улаанбаатарт ирсан юм.
Түүнээс хойш хэд хоногийн дараа самрын эзэн Б.Сайнбаяр нь Дорнодод очиж машиныхаа гэрчилгээ, жолоочийн үнэмлэхээ хураалгасан байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзан бичиг баримтаа авахыг хүссэн аж. Өдгөө энэ асуудлыг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлстсийнхэн шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүд “Бид самар авч яваагүй. Малын тэжээл ачиж явсан” хэмээн мэлзэж байгаа аж.
Прокурорууд “Энэ асуудал эхнээсээ хуудуутай үйл ажиллагаа болсон. Учир нь самрын ченжүүдийг саатуулсан байгаль орчны байцаагч алдаатай ажиллагаа явуулсан. Уг нь газар дээр нь цагдаа дуудаж, тэр дор нь үзлэг хийлгэж ачааг нь шалган тоолох ёстой байсан. Гэвч байцаагчийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болсон уу, эсвэл өөр сонирхол байсан уу, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй араасаа дагаж явахыг шаардсан байгаа юм. Түүнээс гадна машиных нь бичиг баримтыг хураах тэмдэглэл үйлдсэн. Уг нь хууль эрх зүйн талаасаа бол самрыг нь хураах тэмдэглэл үйлдэх ёстой” гэсэн юм.
Г.АРВИЖИХ