Архангай, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд он гарснаас хойш мал хулгайлах гэмт хэрэгтэй хийх тэмцлээ эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хэд хэдэн хүн болон хулгайн мал, мах худалдаж авдаг ченжүүдийг саатуулжээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багаас өнгөрсөн оны арванхоёрдугаар 25-26-нд шилжих шөнө иргэн О 58 адуугаа хулгайд алдсан аж.
Тус аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн ажилтнууд энэ хэргийг шалгах явцад мөн аймгийн иргэн Базаррагчаа, Бүдрагчаа нар 13 адууг нь тууж, Цэнхэр сумын нутагт айлын хашаанд азарга, гүүг нь нядалж, махыг нь амбаартаа нуусан байсныг илрүүлэн, үлдсэн 11 адууг эзэнд нь хүлээлгэж өгсөн байна.
Харин хохирогч О-гийн хүрэн азаргатай 45 адууг морьтой болон мотоцикльтой хүмүүс тууж Өлзийт сумын Ямаат багийн нутагт аваачсан байж. Гэмт этгээдүүд адуунаас 13-ыг нь нядалж, толгойг нь саравчин дээр хаясан байжээ. Энэ хэргийн мөрөөр Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар МХГХТХ-ийн дарга, ахмад Б.Баасанжаргалаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, ажилласнаар иргэн О-гийн 45 адууг Налайх дүүргийн харьяат “Тэмээ” хочит ГэрэлтОд, Архангай аймгийн харьяат “Ука” хочит Мөнгөнсүх, “Бор” хочит Дашдондог, Ариунбат, Орхонбаатар нар хулгайлан нядалж, “Бонго” болон “Пажеро” маркийн автомашинаар Улаанбаатар руу оруулж, борлуулсныг тогтоосон байна.
Шалгалтын явцад энэ хэрэгт “Баянзүрх” хүнсний захын худалдаачин Гантуяа гэх эмэгтэй, мөн дүүргийн харьяат Мөнхтөр нар оролцсон бөгөөд дээрх хүмүүс өнгөрсөн арванхоёрдугаар сараас 2012 оны гуравдугаар сар хүртэл Архангай аймгийн Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын иргэдийн найман үхэр, 83 адууг хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Харин Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд Алтанбулаг, Аргалант, Лүн, Эрдэнэсант, Баянчандмань, Өндөрширээт сум, Хан-уул дүүргийн Био комбинат зэрэг газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын 23 хүртэлх хугацаанд иргэдийн 24 үхэр, таван адуу хулгайлж, бэлчээрт нь шулан махыг нь борлуулсан этгээдүүдийг саатуулсан байна.
Уг хэргийг Төв аймгийн харьяат өмнө нь 2007 онд малын хулгайн хэргээр гурван жил хорих ял эдэлсэн “Гээлээ” хочит Амарсанаа, 2005 онд энэ төрлийн хэргээр хоёр жилийн ялаар шийтгүүлсэн Доржсүрэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Гунгаа, Дансранжамц, Мөнхгэрэл, нэгэн их сургуулийн III курсийн оюутан Мөнх-Эрдэнэ нар үйлдсэн байжээ. Сэжигтнүүд ца гаан болон хар хөх өнгийн “Соната-2” маркийн хоёр ч машин хөлөглөж явдаг байсныг цагдаагийнхан хураан авчээ. Шалгалтын явцад дээрх бүлэг хэрэгтэнтэй хамт “Эмээлт” түүхий эдийн захад мах, арьс шир худалдан авдаг ченж “Маамуу” хочит Мандуулай гэгч оролцдог байсныг Төв аймгийн цагдаагийн газрын МХГХТТ-ийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Жанчив илрүүлжээ.
Г.РАВЖАА