Одоогоос дөрвөн жилийн өмнө мөрдөн шалгаж эхэлсэн хүний наймааны гэх хэргийг одоо хэр нь шүүхээр эцэслэн шийдээгүй байна. Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр болсон шүүх хурлыг М.Алдараар ахлуулсан шүүгчид таслах гэсэн боловч шүүгчдэгчид болон өмгөөлөгчид нь Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргийг хэлэлцүүлэхгүй, татгалзаж буйгаа илэрхийлснээр шүүх хурал дахин хойшиллоо.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чин зориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээ баатар нарыг дараагийн шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргалаа. Эдгээр залуус бүсгүйчүүдийг Хонконг, Макао, Малайзад худалдаж, биеийг нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт татагдаад байгаа юм. Тэр дундаа Г.Батдэлгэр БНХАУ-д суралцаж байхдаа Макао, Малайз, Хонконгод өндөр цалинтай ажилд оруулж өгнө хэмээн хуурч аваачин худалдсан гэж хохирогчид нь мэдүүлдэг аж.
Сүхбаатар дүүргийн шүүхээс өмнө нь Г.Батдэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт тус бүр 10 жил зургаан сар хорих ял оноож, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын гэм буруутай нь нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байсан ч нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцсаар өнөөдрийг хүрсэн юм.
Х.СҮРЭН