Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр өчигдөр өглөө 09.00 цагийн үед НЦГ-ын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарыг “Яаралтай ир” гэж дууджээ. Тус шүүхийн албаны хүнээс болон шүүгдэгчээс шүүх хурал болох, эсэхийг уржигдар 19.00 цагийн үед лавлахад “Хэргийг нэгтгэх, мөн түдгэлзүүлэх учраас маргааш шүүх хурал болохгүй” гэж хэлж байсан юм. Харин өчигдөр өглөө дэд хурандаа Г.Ганбаатарыг тус шүүхэд ирэхэд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч ирчихсэн “Одоо хурал болно” гэжээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн хурлыг 10.00 цагаас эхлүүлж, хаалттай хэлэлцэв. Энэ сарын 14-нд болсон хурлын үеэр түүний өмгөөлөгч гадагшаа ажлаар явсан учраас Г.Ганбаатарт холбогдох асуудлыг тусгаарлаж шийдвэрлэх, үндэслэлгүйгээр шүүх үйл ажиллагаанд саад учруулж, хурал тасалсан гэж Д.Оросоод торгох шийтгэл оноогоод байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан “Шүүх бүрэлдэхүү- нээс татгалзсан гомдлыг үндэслэлгүй” хэмээн үзэж, шүүх хурлыг шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, Ч.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр нь явуулахаар шийдвэрлэсэн аж.
Харин шүүгдэгч Г.Ганбаатар энэ хуралд шинээр авсан өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хамт ирсэн бөгөөд шүүгдэгчийн “Хууль ёсны эрхээ хамгаалуулахын тулд хавтаст хэрэгтэй өмгөөлөгчийг танилцуулаач” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэх үүн хүлээн авчээ. Түүний зэрэгцээ “Долоодугаар сарын 1”-ний гэх хэрэгт холбогдсон хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын хэрэгтэй түүний хэргийг нэгтгэх, шүүгдэгч, дэд хурандаа Г.Ганбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих тогтоол гаргасан байна. Энэ үеэр хурлын танхимд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Шүүх бүрэлдэхүүн захиалгаар Үндсэн хууль болон удирдлага болгож хэрэглэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчлөө” гэсэн маргаан дэгдэв. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний үгийг хүлээн аваагүй аж.
Шүүх хурал завсарлангуут хохирогчдын өмгөөлөгч О.Баасанхүү сэтгүүлчдэд шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг танилцуулсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байв. Цагдаа нарын нүдийг хариулж байгаад дотогш ороход дэд хурандаа Г.Ганбаатар өмгөөлөгчийнхөө хамт шүүгдэгчийг хорьдог хүлээлгийн тасалгаанд сууж байв. Мөн эхнэр нь гаднаас хоол цай оруулж, ах дүү нар нь солих хувцсыг нь авчирч өглөө. Тэрбээр ямар нэгэн зүйл ярихыг хүсээгүй бөгөөд харин өмгөөлөгч нь “Г.Ганбаатарын хэргийг өмнө нь гурван даргынх нь хэргээс тусгаарлачихсан байсан. Үүнийг цуцлаад, хэргийг урьдын адилаар нэгтгэлээ. Үүнээс гадна саяын шүүх хурлаас хууль бус хоёр шийдвэр гарлаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өмгөөлөгч О.Алтангэрэл гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд шалгаж эхэлсэн. Ийм байтал шүүх хууль зөрчиж, хэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнээс гадна миний үйлчлүүлэгч Г.Ганбаатарыг үндэслэлгүйгээр хорих шийдвэр гаргасан.
Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлд “Оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан, өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээс аль нэг нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж болно” гэж заасан байгаа. Шүүх бүрэлдэхүүн хууль бус шийдвэр гаргалаа. Миний хувьд хэдхэн хоногийн өмнөөс энэ хэрэг дээр ажиллахаар болсон. Олон хавтас хэрэг бий. Одоогоор дөнгөж танилцаж эхэлж байна. Тиймээс хэргийн нарийн ширийнийг тодорхой ярих боломжгүй. Шүүх цагдан хорих шийдвэр гаргахдаа яг тэдний өдөр хүртэл эл шийдвэр хүчин төгөлдөр байна гэж нарийвчлан зааж өгсөнгүй” гэв. Уг нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас уржигдар 4/62 дугаартай албан тоот Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн аж. Тамгын газрын дарга Ч.Дашнямын гарын үсэгтэй уг тоотод “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн XVI зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа болно” гэжээ.
Энэ тохиолдолд шүүх хэргийг түдгэлзүүлэх ёстой атал Сүхбаатар дүүргийн шүүх хуулийн энэ заалтыг хэрэгссэнгүй. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлд “Шүүгч дараах тохиолдолд хэргийг түдгэлзүүлнэ: 229.1.3. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэж заажээ. Шүүгдэгч дэд хурандаа Г.Ганбаатарыг 15.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу хуяглан хүргэсэн юм. Энэ үеэр шүүгдэгч Г.Ганбаатар “Монголын төр үнэнчээр зүтгэсэн хөвгүүддээ хатуу ханддаг гэж үнэн юм байна” гэсээр машинд суулаа.
Г.ЦОЛМОН