Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо (ХЭАХНҮХ)-ны ерөнхийлөгч Ц.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Гэрээний хугацаанд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, үндэсний хөтөлбөр боловсруулахаар болов. Ингэснээр хэрэглэгчдэд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх аж.
ХЭАХНҮХ-ны ерөнхийлөгч Ц.Батбаяр “Ченжүүд малчдаас малыг нь амьдын жингээр нь 600-700 төгрөгөөр авч, цааш нь хэд дамжуулан үнийг нь хөөрөгдөж байна. Энэ асуудлыг манай хоёр байгууллага шийдвэрлэх болно” гэв. Өмнө нь ШӨХТГ-аас “Жаст Ойл”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Петровис” компанийнхан шатахууны үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн гэж тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргаж байсан билээ.
Тэдгээр компани шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс “Петровис” компанийг буруутай хэмээн тогтоосон гэдгийг тус газрын мэргэжилтэн хэлэв.
Т.САЙНБУЯН