Хүн худалдаалахтай тэмцэх хуулийн төслийг Хүний хөгжил аюулгүй байдлын судалгааны төв ТББ санаачлан, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд УИХ-аар хэлэлцүүлэгдэж 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлагдсан.
Үндэстэн дамнан зохион байгуулалттай, далд хэлбэрээр үйлдэгддэг, хүний эрхийг ноцтой зөрчдөг хүний наймаа урьд нь эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар зохицуулагддаг байлаа. Ингэснээр зөвхөн хүний наймаатай холбоотой бүртгэгдсэн гэмт хэрэг гарсан тохиолдолд түүнийг шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх хүрээнд л шийдвэрлэнэ. Мөн хуулийн нарийн заалт байгаагүй учир гэмт хэрэгтэн ял завших, хохирогч ямар ч хамгаалалтгүй үлддэг, бүр зарим тохиолдолд өөрсдөө бурууддаг байсан тохиолдол бий. “Хүний наймаа” хэмээх гэмт хэргийг хуулинд тодорхойлоогүй байсан учраас биеэ үнэлэхийг зохион байгуулсан, садар самууныг зохион байгуулсан зэргээр зүйлчилж, хэргийг шийддэг байсны улмаас дээрх асуудлууд үүсдэг байв.
Мөн хууль батлагдахаас өмнө хэрэг гараагүй тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил маш дутмаг явж ирсэн.
Харин “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” дөрвөн зүйл, 18 зүйлтэй хууль батлагдснаар хохирогчийн нэр төрийг нь хамгаалах, өөрийг нь буруутгахгүй байх, аюулгүй байдлыг хангах зэргийг хуулиар баталгаажуулж өгсөн. Мөн нөхөн сэргээх, сэтгэцийн эмчилгээ, ажлын байраар хангах, нөхөн төлбөр олгох зэрэг асуудлууд тусгагдсанаараа хохирогч бүрэн хамгаалагдаж, цогц үйлчилгээн хамрагдах болсноороо ихээхэн ач холбогдолтой болохыг Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож онцолж байсан юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын иргэнтэй гэр бүл болохыг зуучлах, зарыг нэвтрүүлэхийг шууд хориглосон. Хоёрдугаарт хүн худалдаалах гэмт хэрэг агуулагдаж байж магадгүй гэсэн мэдээллийг явуулахгүй байх, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа сэжиг бүхий зүйл мэдвэл хууль хяналтын байгууллагад мэдээлж байх үүргийг тэдэнд хүлээлгэсэн байна.
Мөн энэ төрлийн гэмт хэргийг шийдэх бие даасан хууль батлагдсанаар энэ хэргийн хохирогчийг хамгаалахаас гадна гэмт хэрэгтнүүдэд зохих ял шийтгэл оноох боломтой болсон. Тухайлбал, өмнө нь хүн худалдаалсан гэмт хэрэгтэн торгууль төлөх, хөнгөн ял оноодог байсан бол энэ хуульд торгуулийн ялыг бүр хасч, хүн худалдаалсан нь шүүхээр тогтоогдвол тухайн гэмт хэрэгтэнд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг нь харгазлан үзээд 3-15 жилийн хорих ял ногдуулж, эд хөрөнгө хураах ялыг давхар ногдуулахаар хуулинд зааж өгчээ.
Үүнээс гадна төрийн байгууллагууд энэ хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой болохыг холбогдох хүмүүс мэдээллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа чухал гэнэ.
Б.МАНДУХАЙ