Өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдээс дахин давтагдашгүй, нэн ховор бүтээлүүд алдагдсан тухай бид мэдээлж байсан. Энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан эсэх, хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж буйг сонирхлоо.
Одоогоос дөрвөн жилийн өмнө БСШУЯ-ны мэргэжилтнүүд МХЕГ-ынхантай хамтарч шалгалт хийснээр Өндөр гэгээн Занабазарын урласан хосгүй бүтээлүүдийг бүртгэсэн юм. Гэтэл бүртгэл, дансанд орсон шармал бурхад өнгөрсөн жил алга болсон талаар Эрүүгийн цагдаагийн газрынханд мэдээлэл иржээ. Шалгах явцад сураггүй байсан бурхад гэнэт гарч ирсэн ээдрээтэй хэрэг гарав. Хэн авав, яагаад гэнэт гараад ирэв, хулгайлсан бурхнаа яагаад буцааж авчрав, энэ бурхан эх загвар нь мөн үү гэхчлэн олон асуудлыг гүйцэтгэх ажлын шугамаар шалгахад тус хийдийн сан хөмрөгчөөр ажиллаж байсан О.Баяраа хулгайлж оронд нь дууриалган хийсэн хуурамч бурхан авчирсан болохыг тогтоосон юм. Хэргийг одоо Улсын мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Сан хөмрөгч О.Баяраа хосгүй үнэт дөрвөн бүтээл, 17 шармал бурхныг хулгайлж нутгийн танил “Тансаг” шашны эд зүйлийн дэлгүүрийн эзэн С.Энхтайванд худалдсанаа хүлээгээд байна. Түүхийн ховор бүтээлийг өмнөд хөршийн иргэн Л-д зарсан гэдгээ С.Энхтайван мэдүүлээд байгаа аж. Тэд “Л-ийг одоо хаана байгааг мэдэхгүй, нэг л удаа уулзсан” гэж мэдүүлсээр байгаа гэнэ. Түүнчлэн тийм ховор зүйл гэдгийг мэдээгүй хэмээн мэдэн будилсаар байна. Хятадын иргэн Л-ийг Интерполоор эрэн сурвалжилж тодорхой мэдээлэл олсон юм байна. Хэргийн мөрдөн шалгах ажил дуусах шатан даа орсон бөгөөд удахгүй Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх аж.
Энэ хэрэгт О.Баяраа,С.Энхтайван, Хятадын иргэн Л, болон бурхныг хулгайлж буйг мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй Г, машинаар үйлчилсэн М нарыг татан шалгажээ. Урт гартнуудыг ялласан ч дахин давтагдашгүй ховор бүтээл олдох найдвар бага байгаа гэнэ.
Х.СҮРЭН