Авлигын гэмт хэрэгт нэр холбогдогсдын жагсаалт сургуулийн захирал, сумын Засаг даргаас хальдаггүй байсан бол сүүлийн үед аймгийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудыг шүүхийн өмнө дуудаж, гэм буруутайг нь тогтоон Монгол Улсын нэрийн өмн өөс зохих ялыг оноож эхэллээ. Баянгол дүүргийн шүүхээр Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатарт холбогдох авлигын хэргийг саяхан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 268.2-оор 5.3 жил хорих ял оноолоо.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Ө.Сүхбаатарыг авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл АТГ-т иржээ. Төрийн албан хаагч гэнэт их хэмжээний хадгаламжтай болж, хэд хэдэн орон сууц эзэмших болсон нь мэдээлэл өгсөн хүний анхаарлыг татсан бололтой. Мэдээллийн мөрөөр шалгах явцад эрүүгийн хэрэг үүсгэх хэд хэдэн ноцтой баримт, эх сурвалж нь тодорхойгүй хөрөнгө цөөнгүй байсан аж. БНХАУ-ын Тэньжин хотын Даган дүүргийн барилга байгуулалтын корпораци гэрээ хэлцэл хийсний дагуу Улаанбаатарт орон сууц барих ажил 2008 оноос эхэлсэн аж. Энэ ажлын хүрээнд Хэбэ мужид төвтэй “Шүнди” ХХК Баянгол дүүргийн VI хороонд 66 айлын орон сууц барихаар болж. Ажлаа эхлээд удаагүй тус компанийнхан Монгол Улсын хууль, тогтоомжийг үл хайхран, стандарт бус зүйл хийж буй нь мэргэжлийн байгууллагын шалгалтын явцад тогтоожээ.
“Шүнди” компанийн Монгол дахь салбарын захирал Ван Сэн Тон барилгын батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын байршил, хэмжээг тогтоосон бүдүүвч, барилгын ерөнхий төлөв лө гөөг үндэслэсэн зай хэмжээ, өнд өржилт, картограммын зураг гэх мэт шаардлагатай баримт бичгээ бүрдүүлээгүй атлаа ажлаа эхлүүлсэн аж. Удаа дараа шаардлага тавьсан ч тэрбээр үл оошоон барилгын ажлаа үргэлжлүүлсээр байж. Тиймээс зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны есдүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Аргаа барсан хятад захирал дээгүүр доогуур гүйсэн боловч сайдын тушаалыг эсэргүүцэх хэн ч байсангүй. Гэсэн ч тэрбээр “Бариад дууссан хойно хүлээж авахгүй гээд яадаг юм” гээд барилгын ажлаа үргэлжлүүлсэн аж. Ийм шийдвэр гаргахад нь тус компанийн монголчууд нөлөөлсөн гэнэ.
Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженерийн алба хашдаг Ө.Сүхбаатар тэр үед барилгын техникийн гүйцэтгэлийг хүлээн авах Ажлын хэсгийг ахалж байж. Салбарын сайд барилга барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг Ө.Сүхбаатар мэдсээр байж тус компанийнханд тал засаж, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн барилгыг улсын комисс хүлээн авахад татгалзах зүйлгүй, сайн чанартай барилга гэж акт үйлдсэн аж. Ийн бичиг үйлдсэнийхээ хөлсөнд тус компанийн барьсан орон сууцнаас 95.99 м.кв орон сууц (зах зээлийн ханшаар 81.592 ам. доллар, төгрөгөөр 94 сая 045 мянган төгрөг) авсныг мөрдөн шалгах явцад тогтоон шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах явцад энэ байрнаас гадна хоёр ч орон сууцны асуудал гарч иржээ.
Тэрбээр авлигын гэмт хэргийн үйлдлээ нуун дарагдуулахын тулд бусад орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хадам ах Б.Бадамын нэр дээр авсан аж. Б.Бадам гэгч тодорхой эрхэлсэн ажилгүй, хоёр орон сууц авах хэмжээний хөрөнгө орлогогүй нэ гэн. Гэсэн атлаа “Шүнди” компанийн барьсан 32.8 ам.метр нэг өрөө орон сууц, өөр нэг компаниас 52.6 ам.метр хоёр өрөө байр авсан болох нь тогтоогдов. Орон сууц ны нэг ам.метрийн үнэ байрлалаасаа хамаарч тухайн үед 1000-1200 ам. доллар байсан гэхэд хоёр байр авахад доод тал нь зуу гаруй сая төгрөг төлөх учиртай. Гэтэл нэг ч төгрөг төлөлгүй авсан байрныхаа хөлсөнд кино зохиол бичиж өгнө хэмээн гэрээ хийсэн байж. Энэ мэт ээдрээтэй хэргийг үйлдэгч Ө.Сүхбаатар хэргээ хүлээлгүй, нотлох баримт хангалтгүй байна гэж өргөдөл, гомдол гаргасаар дөрвөн жилийн нүүр үзжээ.
“Шүнди” компанийн Монгол дахь салбарын захирал Ван Сэн Тонтой тохиролцсон ёсоор 66 айлын орон сууцыг байрыг нь хүлээн авч, иргэдэд худалдах боломж олгосон Ө.Сүхбаатар өөрөө ч тэндээ амьдрах болжээ. Орон сууцтай болохыг хүссэн бүхэн бэлэн мөнгө тоолоод авах чадваргүй гэдгийг тө- рийн өмнөөс хариуцлагатай ажил хашиж буй эрхэм хэнээс ч илүү мэднэ. Дундаж орлоготой иргэд олон жилийн өр тавин эс бөгөөс өндөр хүүтэй зээл авах замаар орон сууцтай болж буй. Тэд авлига авсан Ө.Сүхбаатарын үйлдсэн хууль бус актад иргэд итгэж буй. Барилга барьсан компанийнхан мон голчуудад байраа зарж, мөнгөө халааслаад талийж өгнө. Тав, арван жилийн дараа тус барилгад ямар нэгэн асуудал үүслээ гэхэд хэн хариуцах билээ. Худалдан авсан иргэд хэнд хандахаа мэдэхгүй хохироод үлдэхийг Ө.Сүхбаатар мэдсээр байж хувийн эрх ашгаа бодон авлига авч, эрх мэдлээ хэтрүүлсэн нь ийн тогтоогдон зохих ялаа авлаа.
БНХАУ-ын иргэн Ван Сэн Тонд Эрүүгийн хуулийн 269.1-д зааснаар хоёр жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн хуульд хамруулжээ. Ө.Сүхбаатарт холбоотой гурван байрны асуудлыг шалгаад одоо амьдарч буй 94 сая төгрөгийн байрыг авлигад авсан гэж шүүх үзжээ. Бусад байраа хадам ахынхаа нэр дээр шилжүүлсэн нь түүнийг олон жилийн хорих ялаас салгаж дөнгөлөө. Гэсэн ч эргэлзэх, хардах үндэслэл хангалттай байна. Кино зохиол бичиж өгсөн хүнд 100 гаруй сая төгрөг өгдөг ханш одоохондоо манай улсад байхгүй. Хадам ах Б.Бадам нь эрхэлсэн ажилгүй гэртээ суугаад зохиол бичдэг нэгэн байхыг үгүйсгэх аргагүй ч зуу зуун саяар үнэлэгдэх кино зохиол бичигч өнөөдөр Монголд бий билүү. Бид тийм үнэд хүрсэн, чанартай уран бүтээл үзэж байгаа билүү.
Ө.Сүхбаатарт оноосон 5.3 жилийн хорих ял хуульд заасан бусад хөнгөлөлт, магадлангаар орсоор биеэр эдлэх ял нь ердөө 2.5 жил болох вий. Улсад төдийгүй орон сууц худалдан авсан иргэдийг хохироож, эрх мэдлээ харийн нэгэнтэй хуваалцаж, авлига авсан хүн ийм шийтгэлд хашрах нь юу л бол. Авлига нийгэмд ямар хор хөнөөлтэйг харсаар, мэдсээр байж ийм хөнгөн ял оноож буй нь өнөөдөр авлига авахаар зэхэж буй бусад эрх мэдэлтэнд айдас төрүүлэх бус харин ч завших замыг зааж өгч байна. Авлигын хэрэгт холбогдогсдын толгойг илж, дэндүү хөнгөн ял оноосоор байх уу.
Хэдэн зуун саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө халаасалсан тэрбээр 2.5 жилийн дараа эрх чөлөөтэй болоод гэрээ хийсэн нэрээр өөрөөсөө холдуулж чадсан байруудаа түрээслэх эс бөгөөс худалдаад төрийн алба хашиж байснаасаа ч дээр амьдарч мэднэ. Зүй нь авлига авч, эрх мэдлээ хэтрүүлсэн хүнд төр төмөр нүүрээ үзүүлдэгсэн бол Монголыг шимэгч мэт сорж, аалзны тор адил сүлжсэн авлигын үндсийг таслахсан.
Х.ОЮУН