АНУ-ын иргэн Жон Мартин Кийн Монголд барьцаалагдсан байж болзошгүй хэмээн тус улсын нэгэн жижиг сонинд бичжээ. Жон Мартин Кийн нь Дархан-Уул аймгаас энэ оны нэгдүгээр сарын 6-нд цахим захидал илгээснээсээ хойш сураггүй болсон аж. Тэрбээр 45 настай, Нью-Жерси мужийн Моунт Олив хотод 1966 оны аравдугаар сарын 25-нд төрсөн. Тус хотын ахлах сургуулийг 1985 онд төгсөж, Агаарын цэргийн хүчинд алба хаасан гэнэ. Энэ эр Тайваньд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад Монголд бизнес хийхээр ирж, Дархан-Уул аймагт очсон аж. Түүний ээж 70 настай, хатагтай Маргарет Кийн хүүгээ барьцаалагдсан байх хэмээн санаа зовж буйгаа илэрхийлээд Төрийн Департамент болон Монгол, БНХАУ дахь Элчин сайдын яамны ажилтнуудад хандан хүүгээ идэвхтэй эрж хайх, бололцоотой бүхий л арга хэмжээг авахыг хүсэж буй тухай тус сонинд бичжээ.
Монгол Улс дахь ЭСЯ-ны консул Алисса Бибб “Ноён Кийнийг эрэн сурвалжилж байна. Түүний сураггүй алга болсонд сэжигтэй зүйл олон бий. Бид боломжтой бүх арга хэмжээг авч байна” хэмээн ээжид нь утсаар мэдээлсэн гэнэ. Бид Жон Мартин Кийний талаар манай холбогдох байгууллагад ямар мэдээлэл байгаа, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа ямар шатанд буй талаар тодрууллаа. Гадны иргэд Монголд 30 хоногоос дээш хугацаагаар түр оршин суух бол Гадаадын ир гэн харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэх ёстой байдаг. Тиймээс тус газрын албаны эх сурвалжаас лавлахад “Жон Мартин Кийн гэдэг нэртэй хүн Монголд энэ оны нэгдүгээр сарын 5-нд орж ирсэн тухай бүртгэл байна. Тэрбээр БНСУ-ын “Кореан айр” компанийн онгоцоор тухайн өдрийн үдийн үед манай оронд иржээ. Харин буцаж гарч явсан тухай тэмдэглэл алга. 30 хоногоос дээш хугацаагаар Монголд байхаар бол бүртгүүлэх ёстой. Гэвч тэр хүн бүртгүүлээгүй байна” гэсэн юм.
Харин АНУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны америк иргэд хариуцсан ажилтантай холбогдоход “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалаас лавлахад “Одоогоор манай хэлтсээс эрэн сурвалжилсан гадаадын иргэн байхгүй” гэсэн хариулт өгөв. Тагнуулын байгууллагын эх сурвалж “Манайх энэ хүнийг шалгаагүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Түүнийг олсон тухай мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ. Харин өөр нэгэн эх сурвалжаас лавлахад “АНУ-ын нэгэн иргэн бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Түүнийг ЭЦГ-ын ажилтнууд багагүй хугацаанд эрэн сурвалжилсны дүнд илрүүлээд байгаа. Уг хэргийг нэгэн эмэгтэй үйлдсэн гэж мэдүүлсэн. Таны асуугаад байгаа, зарим хэвлэлд барьцаалагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэлд дурдсан хүн мөн эсэхийг одоогоор хэлэх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Г.ЦОЛМОН