Хуулийн байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас олон иргэд эд хөрөнгө, эрүү мэндээрээ хохирдог. Харин үүнд анхаарлаа хандуулж, хариуцлага тооцох тогтолцоо байхгүй буруутай хуульч, хуулийн байгууллагын ажилтнууд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Энэ гаж тогтолцоог халахын төлөө Иргэдийн шударга шүүх ТББ-ынхан тэмцэхээ мэдэгдсэн.
Өнгөрсөн онд танхайн хэргээр шийтгэгдэн 3,5 жилийн хорих ял сонссон Баянхонгор аймгийн иргэн Т.Төрбатын ээж нь байцаагч, прокурор, шүүгчдийн буруугаас хүү нь хилс ял хүлээж байна хэмээн Иргэдийн шударга шүүх ТББ-д хандан тусламж хүсчээ. Энэ хүсэлтийн дагуу тус байгууллагын мэргэжилтнүүд хэргийг судалж үзээд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Э.Зоригтод хуулийн байгууллагын ажилтнуудын буруу шийдвэртэй холбоотой гомдлыг хүргүүлсэн боловч хариуг нь М.Дамдинсүрэн гэдэг хүнээс хүлээн авчээ. Энэ нь шүүх эрхээ бусдад дамжуулсан, иргэдийн хүсэлтийг үл тоомсорлосон, шударга бус үйлдлийг дэмжсэн агуулгатай үйлдэл хэмээн Иргэдийн шударга шүүх ТББ-ынхан үзэж байгаа аж. Тиймээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид иргэн Т.Төрбатад холбогдох хэргийн талаарх гомдлын хариуг өөрийн гарын үсэгтэй албан бичгээр гаргаж өгөхийг шаардаж, гуравдугаар сарын 19-ний 14:00 цагаас өмнө өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Улсын ерөнхий шүүгчийн гарын үсэгтэй албан ёсны хариуг авснаар Т.Төрбатын хэргийн талаарх гомдлыг дараагийн шатны байгууллага болох Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх боломжтой болох аж.
Б.МАНДУХАЙ