KOLON INDUSTRIES FnC ORGANIZATION-K.O.A компани нь Монголд НООЛУУРАН ХУВЦАСНЫ ХАЯГДЛЫН ТЕКСТИЛЭЭС ТЕКСТИЛЬ РҮҮ ЦИРКЛ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ төслийг КОЙКА-тай хамтран (2024 оны наймдугаар сараас 2028 оны наймдугаар сар хүртэл) хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг Монголдоо нутагшуулах зорилгоор K.O.A компани нь өнгөрсөн арваннэгдүгээр сард KM CIRCULAR SOLUTION(KMCS) гадаадын хөрөнгө оруулалттай компанийг байгуулан төслийн нээлтийн арга хэмжээгээ нэгдүгээр сарын 21-нд Новотел зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Тус төслийн гол агуулга:
- Дахин боловсруулах технологийг ашиглан дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах (CIRCULAR FACTORY)
- Хувцасны хог хаягдлыг ашиглан бүтээгдэхүүн гаргасан үлгэр жишээ төсөл болгох
- Монголын их дээд сургуулиудтай хамтран хувцас загварын дахин боловсруулах циркл системийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргах
- Төслөөр дамжуулан бүтээгдэхүүний дахин боловсруулалттай холбоотой иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх гэсэн олон ажлыг хийх юм.
Төслийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Төслийн эхлэл болох санамж бичигт KOLON FnC, K.O.A, Монголын ноос ноолуурын холбоо, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэлийн салбар, Шоппи ХХК, Ханбогд Кашимер ХХК-ийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
Эдгээр байгууллагаас гадна Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн MSCP, Бүгд Найрамдах Франц улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” буюу AVSF ТББ, Улаанбаатар хотын Худалдааны танхим (УБХТ) зэрэг холбогдох албаны 40 гаруй төлөөлөгч оролцон салбар бүрийн дэд бүтцийн өнөөгийн байдлыг хуваалцаж, тогтвортой өсөлтийг хангах хамтын ажиллагааны арга замуудыг хэлэлцэн, харилцан түншлэлээ бэхжүүлэх боломжийг олгосон арга хэмжээ болж өндөрлөлөө.