Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг 207 дугаар байрыг буулгах компанийг шалгаруулах тендерийг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас галд өртсөн тус байрыг нурааж, шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн холбогдох албаныхан дүгнэсэн юм. Үүний дагуу байрыг буулгах тендерийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд зарлаад байв. Тендерт “Харваач мэргэн констракшн”, “Буянт шарга констракшн”, “Уран минж хийц” гэсэн гурван аж ахуйн нэгж оролцжээ. Тэдгээрээс “Харваач мэргэн констракшн” нь хамгийн бага буюу 2.3 орчим тэрбум төгрөгөөр буулгах үнийн санал ирүүлжээ. Нөгөө хоёр компани нь 2.4 тэрбум төгрөгөөр буулгах санал гаргасан байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Үнэлгээний хороо холбогдох хуулийн дагуу 15 хоногт үнэлгээ хийж, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Барилга буулгах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа тухайн орон сууцыг шинээр барих тендер зарлана. 207 дугаар байранд амьдарч байсан иргэдийн түрээсийн төлбөр болон бусад зардалд нийслэлээс одоогоор 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байна” гэв.
Ташрамд дурдахад, 207 дугаар байрыг 2.4 тэрбум төгрөгөөр буулгана гэх магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс гаргасан талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнө нь мэдээлсэн. Тиймээс уг ажлыг 2.5 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх тендер зарлаж, төсвийг нь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн юм.
Ч.Зул