-Хаврын морин уралдааныг сэргээх хүсэлтэд татгалзсан хариу өгөөсэй-
Өнгөрсөн бямба гарагт “Монголоороо байя” морьтой жагсаал болж, 1000 орчим залуус оролцсон юм. Тэд хаврын морин уралдааныг сэргээх шаардлагатай гэх байр суурийг илэрхийлсэн билээ. Тэгвэл уг шаардлагыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Уламжлалт болон орчин үеийн морин спортыг ялгаж ойлгох хэрэгтэй. Жил бүр хаврын морин уралдааныг сэргээх талаар жагсаал, цуглаан, гомдол, санал тасралтгүй үргэлжилсээр байгаа учраас энэ хэвлэлийн хурлыг хийх ёстой гэж үзлээ. Мөн уяачид улс төрд ямар их нөлөөтэйг иргэд мэдэх ёстой.
Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалд оролцогчид хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй байгаа нь өв соёлоо устгах гэсэн хэсэг бүлэг хүний үйлдэл гэх ойлголтыг цахим орчинд хүчтэй өрнүүлсэн. Энэ бол уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өөрөөр хэлбэл, манай улс 2004 оноос хойш хаврын морин уралдааныг албан ёсоор зохион байгуулжээ. 15 жилийн түүхтэй уралдааныг яагаад өв соёл гэж андуурав. Үүнд улс төрчид буруутай. Тодруулбал, 2004, 2005 оноос энэ уралдааныг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж ирсэн. Уяачдад цол, чимэг олгодог хуультай болсон. Ингэснээр бид хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн юм.
Харин 2019 онд Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй гэсэн тогтоол гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэр гарсан ч орон нутагт уралдаан, сунгаа зохион байгуулж хууль зөрчсөөр байна. Дахиад л улс төртэй холбоотой. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр уяачид “Сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ, орон нутгийн залуусын саналыг авахыг хүсвэл уралдааныг зохион байгуул” гэж улс төрчдийг шахаж, нөлөөлсөн байдаг. Монголын морин спорт, уяачдын холбооноос Ерөнхий сайд, Шадар сайд болон холбогдох хүмүүст хаврын морин уралдааныг сэргээх талаар хүсэлт өгчээ. Үүнд татгалзсан хариу өгөөсэй гэж хүсэж байна.
Энэ уралдааныг зохион байгуулах гэж зүтгэж буйн цаана хурдан морины эм тариа, аминдэм, тэжээлийн бизнесийн асуудал хөндөгддөг. Үүнд цэг тавих ёстой. Сонгуулийн бус үед ч уяачид улс төрчдөд нөлөөлөх гэдэг. Морин спорт, уяачдын холбооны хурал Төрийн ордонд болсон. Яагаад Төрийн ордонд хурлаа хийж, улс төрчдийг татан оролцуулав. Бүсийн уралдаан, тэмцээнийг сэргээж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг явуулъя гэж лоббигоо хийдэг боллоо. Засгийн газрын цаг үеийн чухал бодлогуудтай ямар нэгэн аргаар холбогдож, хүүхдийн эрхийг зөрчихөөр улайрч буйг эсэргүүцэж байна. Хаврын уралдааныг зохион байгуулмаар байвал насанд хүрэгчид богино зайд уралдаж болно шүү дээ. Өөрсдөө морио унаж, малдаа явдаггүй хэрнээ яагаад заавал хүүхдээр унуулах гэж зүтгээд байгаа юм” гэв.
Тэрбээр мөн хурдан морины уралдаан бол ганц өдрийн ажил биш, сунгаа, үсэргээ гээд хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж, сургууль завсардуулж байгааг ч шүүмжиллээ. Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээр боолын хөдөлмөр эрхлүүлж буйг уяачид төдийгүй бүгд мэддэг хэрнээ ингэж олон нийтийг талцуулахгүй байхыг хүссэн юм.
Мөн энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан мэдээлэл өгөв. Тэрбээр “Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийг эрсдэлд оруулж болохгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрээр хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй байх үүрэг, даалгаврыг Засгийн газарт олгочихсон. Гэтэл морин уралдаан зохион байгуулж, хүүхэд эндсэн тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2022 онд улсын хэмжээнд 259 уралдаан зохион байгуулсан. Үүнд давхардсан тоогоор 7596 уралдаанч хүүхэд оролцжээ. Харамсалтай нь, 16 хүүхэд мориноос унаж хүнд гэмтэж, зургаан хүүхэд нас барсан байна. 2023 онд 353 уралдаан зохион байгуулснаас 71 хүүхэд мориноос унаж хөнгөн, 19 нь хүнд бэртжээ. Өнгөрсөн онд 372 уралдаан зохион байгуулж, 11 мянга гаруй хүүхэд бүртгэгдсэнээс 212 хүүхэд мориноос унаж, тав нь хүнд, 87 нь хөнгөн гэмтсэн байна. Зөвхөн уралдаан гэхгүй, үсэргээ, сунгааны үед хүүхэд гэмтэж, амиа алдах нь ч бий. Тухайлбал, өнгөрсөн онд үсэргээ, сунгааны үед дөрвөн хүүхэд энджээ. Уралдаанч хүүхдүүд цалин хөлс авдаг, эсэх нь тодорхойгүй. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг. Түүнчлэн асрамж, халамжийн төвд амьдардаг хүүхдүүдээс “Морь унах хүүхэд байна уу” гэж асуусан тохиолдол гарсан. Эмзэг бүлгийн хүүхдийг оролцуулах сонирхол байхыг үгүйсгэхгүй” гэв.
Ч.Болор