Сар шинийн баяр энэ жил гуравдугаар сарын эхний долоо хоногт тохиож буй. Хэдийгээр уг баяр нэг сар гаруйн дараа болох ч иргэд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Иймд цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана, хэзээ болох талаарх мэдээлэл хүргэе.
Худалдаа эрхлэгчид үнэ төлбөргүй оролцох нь
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа нөгөөдрөөс ирэх сарын 27 хүртэл үргэлжилнэ. Энэ удаад “Их наяд” худалдааны төвд зохион байгуулах юм билээ. Уг үзэсгэлэн худалдаанд оролцох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид түрээсийн үнэ төлөхгүйгээрээ онцлогтой. Ингэснээр бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан борлуулах ач холбогдолтой гэнэ. Үйл ажиллагаанд оролцох худалдаа эрхлэгчид дүүргийнхээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд, орон нутгийнхан аймгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлэх аж.
“Цагаан сар-2025” ирэх сарын 1-нээс эхэлнэ
“Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдаа “Баянголд үйлдвэрлэв” төвд ирэх сарын 1-28-нд болно. Уг үзэсгэлэнд хүнс, цагаан идээ, бэлэг дурсгал, арьсан эдлэл, үндэсний дээл зэргийг борлуулах юм билээ. Үүнд оролцох сонирхолтой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэж эхэлсэн байна. Талбайн түрээсийн үнэ 500 000 төгрөг аж.
“Жаргалтай золгоё”
“Аса арена”-д “Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1-28-нд болох нь. Үүнд оролцох худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж эхэлжээ. Оролцогчид гурав, зургаа, найман ам метр талбайгаас сонгох боломжтой аж. Энэхүү үзэсгэлэнд хэвийн боов, хувцас, гэр ахуйн бараа, шил, шаазан эдлэл, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг дэлгэх гэнэ.
Цуврал үзэсгэлэнтэй
“Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд нээгээд байна. Эл үзэсгэлэн нь цуврал байдлаар буюу долоо хоног бүр өөр өөр сэдэвтэй болох юм. Тухайлбал, ирэх сарын 2 хүртэл “Монгол гоёл” сэдвийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулна. Харин ирэх сарын 5-12-нд “Импортын хүнс, бараа” сэдвийн хүрээнд болох бөгөөд үүнд дотоодын худалдаа эрхлэгчид ч оролцож болох гэнэ. Ирэх сарын 13-20-нд үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдана. Уг үзэсгэлэн, худалдаа нь ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх нь.
Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг доороос аваарай
Үндэсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн “Монгол брэнд 333” үзэсгэлэн “Хүннү” худалдааны төвд ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. Уг үзэсгэлэнд цагаан идээ, хэвийн боов, чихэр, жимс, жимсгэнэ, үндэсний дээл, хувцас, модон эдлэл, бэлэг дурсгал зэргийг худалдаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах “Zaisan star” худалдааны төвд ийм үйл ажиллагаа ирэх сарын 1-28-нд болно.
Түүнчлэн сум бүрийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах зорилготой үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1-28-нд болох аж. Үзэсгэлэнг Хан-Уул дүүрэгт байрлах “Horse motors” автомашин худалдааны их дэлгүүрийн баруун талд байрладаг шинэ худалдааны төвд зохион байгуулна. Ингэхдээ гадна, дотор талбайд бүтээгдэхүүнээ худалдаж болох бөгөөд 1000 орчим худалдаа, үйлчилгээ, эрхлэгчийг оролцуулахаар зорьжээ. Мөн “Буянт-Ухаа” спортын цогцолборт ийм үйл ажиллагаа ирэх сарын 15-28-нд болно.
А.Үүл