Баянгол дүүргийн XX хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнгөрсөн баасан гаргийн 08.08 цагт гал гарсан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10.40 цагт бүрэн унтраасан байна. Гал түймэрт тус барилгын 15 орчим хувь нь өртсөн бөгөөд утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргажээ. Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоосноор тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан хэмээн мэдээлсэн юм. “Биг” төвийг 2015 онд ашиглалтад оруулсан байна. Тус худалдааны төвийн 2300 ам метр талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг байж. Одоогоор гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор онцгой байдал болон цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж буй юм.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд гарч буй аюулт үзэгдэл, ослын 90 орчим хувь нь гал түймрийн дуудлага байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын байгууллагад нийт 79 дуудлага ирсний 69 нь гал түймрийнх аж.
Ч.Болор