Киноны эхэнд “Бодит явдлаас сэдэвлэв” гэхэд л хүний анхаарал түүнээ татагддаг даа. Бий байсан, байгаа хүний түүх, намтар бүх л цагт сонин содон биз. Монголчууд эх орон, нутаг, түмэндээ элэгтэй улс. Өнгөрсөн зууны Монголын түүхэн дэх туйлын эмгэнэлтэй, нөхөж үл барах гэм хор учруулсан үйл явдал бол хэлмэгдүүлэлт. “Лхүмбийн хэрэг”-ээс эхлэн, 1937 оны их баривчилгаагаар үргэлжилсэн эл хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, улс төрийн зүтгэлтэн, тайж ноён, лам хувраг, жирийн иргэн олноор өртсөн. Зарим түүхч үүнийг хоморголон устгалт, геноцид ч гэдэг. Улс төрийн хилс хэрэгт унасан хүмүүсийн хувь заяаг гэрчилсэн ном зохиол тэргүүтэй олон бүтээл бий. Баталж үлдээх нь биелүүлбэл зохих үүрэг ч байж болох. Гагцхүү монгол хэн бүхний дээд үеийг хэлмэгдүүлэлт дайрсныг санах нь зүй.
УДЭТ-ын энэ сарын үзвэр дунд “Хөх төрийн бэрс” хэмээх жүжиг харагдсан нь сонирхол татсан юм. Уг нь дуурь, бүжгэн жүжиг, драмын жүжгийн театрууд сараар, улирлаар үзвэрийн жагсаалтаа зэхчхээд, хэдийн үзэгчдийн сонорт хүргэсэн байдаг л даа. Харин “Хөх төрийн бэрс” их даруухан байдлаар олны хүртээл болов. Учир гэвэл тус жүжиг нь Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олны бүтээл бөгөөд нэгдүгээр сарын тоглолтын хуваарийн дагуу сүүлийн үзвэрээ драмын төв театрт тоглосон нь энэ аж. Монгол Улсын Ерөнхий сайд асан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч, эрдэмтэн А.Амарын түүхийг өгүүлэх “Хөх төрийн бэрс” жүжиг өчигдөр нийслэлийн үзэгчдийн хүртээл боллоо. Жүжгийн болон Ерөнхий сайд А.Амарын тухай дэс дараалалтай уншигч танд хүргэе.
Сүүлийн үеийн жүжгүүдэд үзэгдэл солигдоход тайзыг хөшиг бүрхэж, тэр хооронд орчноо засдаг явдал бараг л байхгүй болсон. Харин эргэдэг тайзыг тус тусын өвөрмөц шийдлээр ашиглаж буй. “Хөх төрийн бэрс” жүжгийн тухайд ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Д.Цогт ажиллажээ. Тайзны шийдэл нь минималист маягтай бөгөөд хар өнгө давамгайлсан нь жүжгийн драматургийг илүү тодотгох санаа гэж таамаглаж болох. Харин яг төвд байх эргэдэг тайзны талыг улаан, цэнхэр хөшгөөр халхалсан нь үндсэн дэвсгэр болсон юм. Манайд тоглож буй үзвэрүүдэд эл тайзыг орон зай, зохиолын өрнөлийг тодотгоход илүү ашиглаж байна. Түүхэн хүн, цаг үеийг дүрслэхийн хувьд ийм шийдэл ашигласан нь оновчтой туслаа.
“Хөх төрийн бэрс” бол Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын өнгөрсөн онд туурвисан таван бүтээлийн нэг. Жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажилласан. Тайз, дэлгэцийн нийт 100 гаруй бүтээлд ажилласан түүний энэ удаагийн найруулга хэр болсон нь их сонирхол татсан. Олны хүндэтгэл хүлээсэн түүхэн хүний тухай бүтээл туурвина гэдэг ер нь хялбар биш. Ерийн бүтээлээс илүү “чулуу шидүүлж”, шүүмжлүүлнэ л гэсэн үг. Харин тэрбээр Ерөнхий сайд А.Амарын түүхийг найруулахдаа бүхний тунг тааруулж гэж хэлэх байна. Хэдий түүхэн жүжиг ч уран сайхны хэв маяг зохих түвшинд шингээх нь зайлшгүй. Халил, драм бол үзэгчийг татах арга шүү дээ. “Хөх төрийн бэрс”-д гарах бүх дүр түүхэн бодит. Жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх бичиж, түүхийн зөвлөхөөр “Амар” сангийн тэргүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр, хөгжмийн зохиолчоор Аранзаа буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бат-Эрдэнэ нар ажиллажээ.
“Хөх төрийн бэрс”-ээс Ерөнхий сайд А.Амарын дүрийг бүтээсэн Н.Пүрэвдорж хэмээх нэрийг сайтар тогтоож авлаа. Магад энэ жүжгээс шүүрсэн нэг сувд. Түүний тухай мэдээлэл төдий их биш юм. Сэтгэл хөдлөлөө нарийн мэдрэмжтэй гаргаснаас гадна дүрээ яггүй судалжээ. Диалогийн уран чадвар тун сайн байв. Н.Пүрэвдоржоор тогтохгүй маршал Х.Чойбалсангийн дүрд ажилласан Ж.Сайнбилэг, А.Амарын гэргий Д.Нямцойжид тоглосон П.Мөнхцэцэг нарыг тодотгох нь зүйтэй. Тэд түүхэн дүртэйгээ гадаад төрхийн хувьд тун адилхан байсан нь сонирхолтой. Алга ташилтын үеэр шивнэлдэх, үзвэрийн дараа танхимаас гарч одох үзэгчдийн яриаг сэм чагнавал жүжигт сэтгэл хангалуун байгаагаа нэгэнтэйгээ хуваалцаж байсан юм. Жүжигчин бүр өөрийн үүргээ яг таг л гүйцэтгэлээ.
Үзвэрийн тухай бичих бүрд үзэгчийн соёлын тухай хөндөхөөс аргагүйд хүрдэг. Хүмүүс хүйтний цагт зузаан хувцастай бөөвийж явдаг билээ. Гэхдээ театр өөрийн соёл, дэгтэй. Замын түгжрэл, цагаа буруу төлөвлөснөөс болж хоцрохыг үгүйсгэхгүй ч бусад үзэгчид саад бололгүй суудлаа эзлэх хэрэгтэй. Төв партерын арын эгнээнд сууж, үзвэр үзсэний хувьд бусдын үйлдэл алган дээр тавьсан шиг харагдаж байв. Гурван эмэгтэй куртикээ хавиралдуулаад чимээтэй нь аргагүй урд суух нь тэр. Тэр байтугай, ард суусан залуу видео дуудлага хийх юм. Үнэхээр тэсэлгүй “Та гараад утсаар ярина уу” гэж сануулахад муухай харах жишээтэй. Өөрийн буруугаа тэр дор нь хүлээвэл ялагдчих шиг мэдрэмжтэй байдаг нь манайхны зан юм уу даа. Үзвэрийн дундуур гарч, орохдоо шал цөмлөх нь үү гэлтэй л явах. Утсаа шалгаж, бичлэг хийх бол энгийнээс энгийн болж дээ. Энэ бүхэн бусад үзэгчээс гадна жүжигчдийн ч анхаарлыг дэндүү сарниулдаг, асар бүдүүлэг үйлдэл гэдгийг хүн бүр санууштай.
Ерөнхий найруулагчаар ажилласан, Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран сайхны удирдагч Е.Баярмагнай “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр жүжгээ нээсэн. Аймагтаа нийт найман удаа тогложээ. Эрдэнэтийн төв талбайд А.Амар агсны хөшөө байдаг юм. Хажуугаар нь явах бүрдээ “Энэ хүний тухай манай залуу үе мэдэх үү”, “Энэ хүний үйл хэргийг гэрчилсэн уран бүтээл байдаг болов уу” гэж боддог байв. Нэлээд судалсны эцэст мэргэн сайд А.Амарын тухай жүжиг хийе гэсэн санал тавихад орон нутгийн удирдлагууд их дэмжсэн. Гэтэл удалгүй гол дүрд тоглож буй Н.Пүрэвдорж манай театрт ирлээ. Маршал Х.Чойбалсангийн дүрд ажилласан Ж.Сайнбилэг маань театрт ажиллаж байсан гээд энэ жүжгийг бүтээх бүх нөхцөл нэг дор бүрдсэн нь тэр. Ингээд Б.Цогнэмэхээр зохиолоо бичүүлснээр эхэлсэн л дээ. Кино хийх гэж байсан хүн нь бурхан болсон юм билээ. Академич Ж.Болдбаатар, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын А.Амар сайдын тухай бичсэн номуудыг уншсан нэгэн л түүний тухай мэднэ. Түүнээс биш олонх хүн түүний тухай мэдэхгүй болов уу. Харин тайзан дээр түүний үнэн түүхийг өгүүлэх ёстой. Би энэ жүжгийг найруулахдаа шүүмжлүүлэхээс айхыг хүсээгүй. Энэ бол буруу зүйл биш. Шүүмжилсний дүнд хүмүүсийн сонирхол өсөж, илүү ойлголттой болчихдог талтай. Дуугүй байвал харин хэцүү шүү дээ. Эл жүжгээ бид Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр жил бүр тоглох ёстой” гэсэн юм.
А.Амар бол XX зуунд Монголын төрд зүтгэсэн, Чингисийн алтан ургийн цорын ганц хүн. Хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан гурван хүний нэг. Удаах хоёр нь Жалханз хутагт Дамдинбазар, Ц.Элбэгдорж нар аж. Тэрбээр “Монголын товч түүх” хэмээх, монгол үндэстний гарлаас эхлээд Чингис хааны үе хүртэлх үеийг хамарсан зохиолыг монгол бичгээр хэвлэсэн зэгсэн сайн бичээч байсан юм. Гадаадын хүмүүст цөлмөгдөж байсан хязгаар газрыг эргүүлж авахад гавьяа бүтээсэн гээд А.Амар сайдын үйл хэрэг их.
Жүжигт ятга татах, уртын дуу дуулах, монгол бүжиг бүжиглэх хэд хэдэн хэсэг гардаг. Тэр бүрд үзэгчид алга нижигнүүлэн ташаад л, шүгэлдээд л. Зөвхөн жүжиглэлт бус, монгол аялгуу, эгшигтэй хоршсон эл бүтээл монгол хүний эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэх сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлэх биз. Хожим цагаадсан ч өнгөрсөнд хилс хэрэгт гүтгэгдэж, ял шийтгэл хүлээсэн, хөнөөгдсөн иргэд, эрдэмтэд, бичгийн их хүмүүс эдүгээ байсан бол бидний амьдрал ямар байх тухай бодоход л гол зурах вий. Хийгээгүй хэрэгтээ буруудна гэдэг бол хамгийн адгийн зүйл биз. Ийм л зам туулсан олон эрдэмтэн, мэргэдийн нэг нь А.Амар сайд билээ.
Д.Хүслэн