СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн хүүхдийн сэтгэцийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа. Хүүхдүүдэд түгээмэл тохиолдож буй сэтгэцийн эмгэг, тэдгээрийн шалтгааны талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Уг нь сэтгэцийн эмч нар өдөрт 12 үйлчлэгч хүлээн авах стандарттай. Ингэхдээ нэг үйлчлүүлэгчид 30 минутын хугацаа зарцуулах ёстой аж. Гэсэн ч бодит байдалд өдөрт 20 орчим үйлчлүүлэгч хүлээн авдаг учраас ажлын ачаалал нь маш их гэнэ. СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникээр үйлчлүүлэх цагийг сар бүрийн эхэнд олгодог ч дорхноо дуусдаг гэх юм билээ.
-Улирлын онцлогоос хамааралтайгаар СЭМҮТ-д үйлчлүүлэгчдийн тоонд өөрчлөлт гардаг уу?
-Хүүхэд, өсвөр үеийн клиникт 0-18 настай хүүхдүүдийг хүлээн авч, үзлэг, шинжилгээ хийдэг. Өдөрт дунджаар 20 орчим хүүхэд үзүүлж байна. Одоогоор амбулаторид ганцхан эмч ажиллаж байгаа учраас ачаалал их. Хэвтэн эмчлүүлэх тасаг бас нэг л эмчтэй. Тэгэхээр ачаалал маш их л дээ.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд гэвэл хүүхдүүдийн сургуулийн амралтын үеэр ядаргааны эмчилгээ хийлгэх зорилгоор хандах үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Ялангуяа төгсөх ангийн сурагчид хичээлийн ачаалал ихтэй. Үүнээс гадна сургалт, дугуйланд хамрагддаг учраас сульдлын хам шинж илэрсэн өсвөр насны хүүхэд цөөнгүй ирдэг. Сульдлын хам шинж гэдэг нь оюуны болон биеийн ядаргаа хавсарна гэсэн үг. Ийм үед анхаарал төвлөрөхгүй, хичээлийн үеэр юм ойлгохгүй байх, ядрах, өдрийн цагаар нойрмоглох зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.
-Бага насны хүүхдүүдийн сэтгэцийн эмнэлэгт ханддаг гол шалтгаан нь юу вэ?
-Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн онош харилцан адилгүй. Хөгжлийн хоцрогдолтой, дэлгэцийн хэт хэрэглээ, донтолт, зан үйлийн хямралын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд бий.
Бага насны хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол бий, эсэхийг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хандаж байгаа үйлчлүүлэгчид амбулаторийн үзлэгийн ихэнх хувийг эзэлж байна. Харин зан үйлийн хямрал, хөгжлийн хоцрогдлын улмаас 10-18 насныхан тасагт хэвтэн эмчлүүлэх тохиолдол олон. Сэтгэцийн үндсэн өвчтэй хүүхдүүд ч хэвтэн эмчлүүлдэг. Үндсэн өвчинд шизофрени, оюуны хомсдол зэргийг хамруулан ойлгож болно. Сэтгэцийн үндсэн өвчинтэй хүүхдүүд ойролцоогоор нэг сар эмчлүүлдэг. Харин зан болон төрх үйлийн хямралтай, дэлгэцийн донтолттой, мэдрэлийн ядаргаатай хүүхдүүд дунджаар 7-10 хоног хэвтэн эмчлүүлдэг.
Хүүхдэд сэтгэл гутрал үүсгэж буй шалтгаан нь гэр бүл, сургуулийн орчин, найз нөхдийн харилцаанаас үүдэлтэй. Тэднийг оношлохдоо бие даасан сэтгэл гутралтай, эсэхийг нь ялгах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд сэтгэл гутралын хариу урвал буюу хэвийн сэтгэл уналттай байдаг. Наснаас хамаараад шинж тэмдэг нь харилцан адилгүй. Бага насны хүүхдийн сэтгэл гутрал, түгших нь бие махбодын шинж тэмдгээр буюу гацаж ярих, орондоо шээх, хумсаа мэрэх зэргээр түлхүү илэрдэг. Харин өсвөр насныханд нойргүйдэл, өөрийгөө тусгаарлах, хичээлээ таслах, хоолны дуршил буурах зэрэг олон шинж тэмдэгтэй.
-Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийг үргэлжлүүлэн хянадаг уу?
-Сэтгэцийн үндсэн эмгэгтэй хүүхдүүдийг сар болгон үзэж, хянадаг. Харин сэтгэцийн хямралд өртсөн хүүхдүүдэд 3-6 сар тутамд эмчид хандаарай гэж зөвлөдөг.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан ч буцаад хүндрэх тохиолдол хэр их байдаг вэ?
-Ер нь нэлээд их. Эмнэлэгт 10-14 хоног хэвтээд сэтгэл зүй нь хэвийн болсон ч гэр бүлийнхний хандлага сайжраагүйгээс, эмээ тогтмол уугаагүйгээс биеийн байдал нь хүндрээд ирэх тохиолдол ч бий. Гэр бүлийн зөрчил ихсээд байна гэсэн үг л дээ.
-Хүүхдийн сэтгэл зүйд хүрээлэн буй орчин хэр нөлөөлдөг бол?
-Нөлөөлнө. Хүүхдийн сэтгэл зүйд бие махбодын эрүүл мэнд, гэр бүлийн орчин, нийгмийн буюу сургуулийн орчин гэсэн гурван хүчин зүйл нөлөөтэй. Нийгэм, эдийн засгийн байдал ч үүнд хамааралтай. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хангалуун амьдруулахын төлөө хичээх тусам өөрсдөө стресстдэг. Тэдний дарамт ихсэхийн хэрээр хүүхдүүддээ гаргах цаг багасдаг. Ингээд гэртээ стресс, бухимдалтай байдаг болно. Ийм байдлаар нийгмийн нөлөө нь хүүхдийн сэтгэл зүйд дам болон шууд нөлөөлдөг. Хүүхдүүдээсээ буруу зан үйл олж харвал асран хамгаалагчид эхлээд өөр лүүгээ өнгийх хэрэгтэй. Хүүхэд бол гэр бүлийн толь гэсэн үг бий шүү дээ.
-Хөгжлийн хоцрогдол, зан үйлийн хямралын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хөгжлийн хоцрогдлоор илэрдэг эмгэгт оюуны хомсдол, аутизм, хэт хөдөлгөөнтөх, суралцахуйн бэрхшээл зэргийг дурдаж болно. Оюуны хомсдол болон аутизмын хүрээний эмгэгийн хувьд өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хэвтэн эмчлүүлдэг. Эцэг, эхчүүд дийлэнхдээ “Манай хүүхэд гар утас их үзэж байна”, “Дэлгэцийн хэрэглээнээс болоод шөнө унтахаа болилоо. Үүнээс болж өдөр унтаад, хичээлээ таслах нь ихэслээ”, “Хоолных нь дуршил буурлаа” гэх мэт шалтгаанаар ханддаг. Гэтэл үзлэг, шинжилгээгээр шалгахад хүүхдүүд нь сэтгэл гутрал, үе тэнгийнхний дээрэлхэлт, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод дэлгэц хэтрүүлэн хэрэглэж байх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн хэрэглээ ихэссэн гэх шинж тэмдгийн цаана сэтгэл зүйн өөр асуудал байна гэсэн үг.
-Сэтгэл гутрал, үе тэнгийнхний дээрэлхэлтийн үед гар утасны хэрэглээ нэмэгддэг гэлээ шүү дээ. Үүнээс өөр шинж тэмдгээр хүүхдийнхээ сэтгэл зүйг тогтворгүй болж байгааг мэдэх боломжтой юу?
-Хамгийн эхэнд илрэх шинж тэмдэг нь нойргүйдэл. Мөн бусадтай харилцахаас татгалзах буюу өөрийгөө тусгаарлах. Өрөөнийхөө хаалгыг хаагаад л утсаа оролдоод суучихдаг буюу бусдаас өөрийгөө тусгаарлах, хоолноос татгалзах, эсвэл хэт их идэх, цаашлаад уур уцаартай болох зэрэг шинж тэмдгээр даамжирч буй нь харагддаг. Цаашилбал өөртөө болон бусдад ч аюултай үйлдэл хийх эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарч, тусалж дэмжиж, ярилцах хэрэгтэй.
-Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа сэтгэл зүйн сорил ашиглах нь хэр үр дүнтэй бол?
-Сэтгэл зүйн хямралд өртсөн хүүхдүүд өөрийгөө тусгаарлаж, биеийн байдал нь бүр хүндрэхээс өмнө эцэг, эхдээ илэрхийлсэн байдаг л даа. “Миний сэтгэл санаа тавгүй байна”, “Сургууль дээр асуудал гарлаа” гэх мэтээр хэлдэг. Энэ үед нь хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадаагүй бол өвчин нь даамжирч, хүүхэд дотогшоо болох буюу дуугаа хурааж бусдаас өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Мөн эцэг, эхчүүд сэтгэл зүйн сорилын тусламжтайгаар хүүхэдтэйгээ ярилцаж болно. Эл сорилоор ямар нэг эрсдэлтэй гэж гарсан бол сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.
-Гар утасны хэрэглээ нь хүүхдийн зан байдал, гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг гэдэг байх аа?
-Сүүлийн жилүүдэд дэлгэцийн хэрэглээнд түлхүү анхаарч байна л даа. Гэхдээ хэрэглээг нь шууд хязгаарлаж болохгүй. Харин 0-3 насныхан гар утас огт хэрэглэх ёсгүй. Дэлгэцийн хэрэглээг зохистой ашиглаж сурах нь чухал. Жишээ нь, суралцах зорилгоор, хамтдаа дуулах, кино үзэх гэх мэтээр гэр бүлийн уур амьсгалыг эерэг байлгахын тулд ашиглаж болно. Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд “Дэлгэцийн донтолттой болчихлоо” гээд манай эмнэлэгт ханддаг. Гэтэл хүүхэдтэй нь ярилцаад үзэхэд гэр бүлийн болон сургуулийн орчны таагүй байдлаас болоод дэлгэц хэтрүүлэн хэрэглэх шинж тэмдэг илрэх тохиолдол цөөнгүй бий.
-Сүүлийн үед ээнэгшлийн талаар нэлээд ярих болжээ. Ээнэгшил нь хүн хоорондын харилцаа, зан төлөвийг нь ч тодорхойлдог гэх юм билээ. Энэхүү ойлголтын талаар тайлбарлаж болох уу?
-Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас ээнэгшил бий болдог. Эхийн сэтгэл зүйгээс хамаарч тайван, эсвэл түгшимтгий хүүхэд болох уу гэдэг нь ч шалтгаалдаг. Удам зүй, эхийн эрүүл мэнд, сэтгэл зүй, жирэмсэн үедээ хэрэглэж байсан эм зэргээс шалтгаалаад ургийн хөгжлийн суурь нь тавигддаг. Хүүхэд төрж, хөхөө амласан цагаас эх, үрийн холбоо тогтдог. Энэ холбоо нь хүүхэд насанд бат бөх байвал ээнэгшил сайн тавигддаг. Хүүхдийг багад нь орхиж явах, хөхнөөс нь эрт гаргах, 24 цагийн цэцэрлэгт явуулах, өвөө, эмээд нь үлдээж, удаан хугацаагаар орхих гэх мэтээс шалтгаанаас ээнэгшил үүсэх үйл явцад саад учирдаг. Ямар түвшний ээнэгшил үүссэнээс шалтгаалж том болоод айдастай болох улмаар хосын харилцаанд ч нөлөөлдөг гэж үздэг.
А.Үүл