Нийслэлийн ЗДТГ-аас “Туулын хурдны зам” төсөл хэрэгжүүлэхээр өчигдөр олон улсын нээлттэй тендер зарлалаа. Төслийн нийт төсөвт өртөг нь 1.9 их наяд төгрөг юм байна. Үүнээс энэ онд 538.6 тэрбум төгрөгийг нь нийслэлийн төсвөөс гаргахаар тендерийн баримт бичигт дурдсан байв. Туулын хурдны зам нь Улиастайгаас Дархан-Уул, Эмээлтийн замын уулзвар хүртэл 32 орчим км-ийн урттай, зургаан эгнээтэй, 100 км/цаг хурдлах боломжтой байх гэнэ. Эл замын бүтээн байгуулалтыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар албаныхан дурдав. Тендерийг ирэх сарын 24-ний 09.30 цагт нээхээр товложээ.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга “Туул голын хойд эргийг дагуулан хурдны зам барина. Ингэхдээ Туул голд сөргөөр нөлөөлөхгүй, өнгө үзэмжийг нь хаахгүйгээр барихаар төлөвлөсөн. Замын 40 орчим хувь нь гүүрэн байгууламж байна. “Ривер гарден” хотхон орчимд цахилгааны өндөр хүчдэлийн шугам таарсан учраас тухайн хэсгийн замыг голын хөвөө рүү оруулж барихаар төлөвлөсөн” гэв.
М.Оч