УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гарагт өргөн барив. Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг оруулахын зэрэгцээ зарчмын шинжтэй хэд хэдэн асуудлыг багтаажээ. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан аж. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл, заалт оруулжээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт дөрвөн удаа хэлэлцүүлэн, санал санаачилгыг тусгасан гэнэ.
Ч.Туяа