Барилгын зөвлөх инженер Б.Батхишиг дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд (8163 метр) бараалхахаар зорьсон. Тэрбээр өнгөрсөн сарын 24-ний өглөө 05.08 цагт эл оргилын оройд нь гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болсон. Тэрбээр өнгөрсөн жил тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх ноён оргил, далайн түвшнээс 8516 метрийн өндөрт орших Лхоцед амжилттай авирсан юм. Тэрбээр ууланд авирахаас гадна дугуйн спорт, гүйлтээр хичээллэдэг. Энэ нь хүнд өвчнөө ялан дийлж, эрүүл болоход ихээхэн нөлөөлжээ. Манаслуд авирах мөрөөдлөө биелүүлсэн уулчин бүсгүйн дараагийн авирах оргил нь Макалу. Боломжгүй зүйл гэж хаана ч байдаггүй. Зоригтой, зорилготой байвал хэнийг ч хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл нь зорьсон газарт хүргэдгийг тэрбээр харуулав. “8k expedition”-ий хөтөч (шерпа) нарын хамт АНУ, Англи, Беларусь, Румын, Энэтхэг, Балба зэрэг орны уулчидтай авирч, уулын спортын түүхэнд бас нэгэн бахархам шинэ түүх бичсэн түүнийг зочноор урилаа.
-Хүн бүр оргилд авирахыг хүсдэг ч мөрөө гаргах нь ховор. Манаслу оргилд (8163 метр) бараалхахад таныг зорилго, эсвэл зориг тань хөтлөв үү?
-Ууланд авирахад үгээр зүйрлэшгүй мэдрэмж авдаг. Цаст өндөр оргилыг харах сайхан ч авирах зам нь амаргүй. Уулчид хэдэн сар бэлтгэл хийгээд оргилд авирдаггүй юм. Миний хувьд эх орныхоо 4000, дараа нь 7000 метрийн өндөртэй уулсад авирснаар энэ оргилд гарах бэлтгэлээ базаасан. Дэлхийд 8000 метрийн өндөртэй 14 оргил бий. Үүний нэг нь Манаслу. Оргилуудад нэгнээсээ ялгарах олон зүйл бий. Би өнгөрсөн жилийн хавар дэлхийн дөрөв дэх ноён оргил болох Лхоце хайрханд (8516 метр) авирсан юм. Эл оргил Эвересттэй зэрэгцэж оршдог. Уулчид эдгээр оргилд авирахдаа IV кэмп хүртэл нэг замаар өгсөж, хоёр тийш салдаг юм. Лхоцед бараалхсаны дараахан хүмүүс Манаслу оргилын тухай ярихад тухайн үед ямар сайхан нэртэй уул вэ гэж бодож байлаа. Гэртээ баяр хөөртэй ирсэн ч бие минь нэг л тэнхрэхгүй ядраад байв. Тухайн үед өндрийн ядралтаас болсон байх гэж бодоод хэдэн сар явлаа. Гэтэл хүнд өвчин туссанаа мэдээгүй. Намар нь эмнэлгээр явж, шинжилгээ өгөхөд хорт хавдартай гэсэн онош гарахад сэтгэл нэг хэсэг хямарсан. Өвчинтэйгөө тэмцэж, өөрийгөө ялан дийлэхийн тулд дугуй унаж, гүйж үзлээ. Нэг л болсонгүй. Тэгээд хэрхэн эрүүл болох талаар судалж эхэлсэн юм. Хоол хүнснээс гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг зүйлсээс татгалзаж, гурван сар хэрэглэлгүй хагалгаанд ортол хавдрын эс тархаагүй байсан. Ийм мэдээ сонсоод баярласан ч эмчийн зөвлөснөөр үүрэг, хариуцлага өндөртэй байхыг хичээсэн. Харин өвдсөнөө хэнд ч хэлээгүй.
-Уул таны адал явдлын адармаатай ертөнцөөр аялах хатуужил тэвчээрийг саад бэрхшээлээр сорьсон ч байж болох шүү дээ.
-Магадгүй. Уул хүнийг зан чанар, сэтгэл зүй, мэдрэмж, ухаан, эр зориг, зорилго, чадвар, туршлага гээд олон зүйлээр сорьдог. Эдгэснийхээ дараа “Уул намайг хүлээж авахын тулд хүнд зам туулна шүү гэдгийг мэдрүүлжээ” гэж бодсон. Тиймээс эрүүл болчхоод Манаслуг зорино гэж өөртөө амлаж, зоригжуулсан. Авиралт, алхалт, аялал хийсэн зам маань анхнаасаа амар байгаагүй. Лхоцед авирахын тулд өдөр бүр бясалгаж, туулах замаа харж суудаг байлаа. Миний хувьд аливаа зүйлийг хөнгөнөөс бус, хүндээс нь эхэлж судалдаг. Тэр үед “Чи эдгэсэн шүү. Энэ замыг амжилттай туулахын тулд сайхан зүйл бодож, өөдрөг байх ёстой” гэж хэлдэг байлаа. Дотоод сэтгэлтэйгээ өдөр бүр ярьж, өөртэйгөө ажилласны хүчинд оргилд авирсан гэж боддог.
-Оргилд авирахад өртөг их зарцуулдаг. Ивээн тэтгэх байгууллага олох амаргүй талаар уулчид ярьж байхыг цөөнгүй сонссон.
-Лхоце, Манаслу оргилд авирах зардал олдсон нь амьдралд минь тохиосон ховор боломж байлаа. Би АНУ-д 2013-2016 онд хэлний бэлтгэлд хамрагдсан ч магистрт үргэлжлүүлэн сурах мөнгө олдоогүй. Эх орондоо ирээд спорт сонирхож, дугуйгаар хичээллэсэн. Хоёр жилийн өмнө уулын дугуйн АШТ-д түрүүлснийхээ дараа засмал замын дугуйн нийслэлийн АШТ-д оролцохдоо хүчтэй салхинд шидэгдэж, хашлага мөргөн хүнд бэртсэн. Зургаан сар гэртээ байхдаа эерэг бодлоор өөрийгөө эдгээсэн. Эмч хэвтрийн дэглэм барихыг зөвлөсөн ч орон дээр өдөр хоногийг уйтгарлаж өнгөрүүлэхийг хүсээгүй. Тиймээс эд эсээ идэвхтэй байлгахын тулд бага багаар алхсан минь эрүүл болоход хөтөлсөн юм. Өнөөдөр нэг км алхсан бол маргааш 200 метрээр ахиулдаг байв. Уул намайг танихын тулд “Уулзахаар ирвэл үүнээс ч хэцүү зам сөрнө. Үүнийг давбал авирч чадна” гэж бие, сэтгэл зүйг минь бэлдсэн болов уу. Хэрвээ амьдралын зовлон, жаргалыг туулж, сэтгэлийн хаттай болоогүй бол оргилд авирах тэнхэлгүй, бэлээс нь буцах байлаа.
-Уул угтаж авах хүнээ л тосдог гэж хүмүүс ярих юм билээ. Үнэний ортой үг шиг санагддаг.
-Уул уулчнаа хүлээдэг гэдэг үгтэй санал нэг байдаг. Хүлээж авахгүй хүнээ буцаадаг. Үүнийг оргилын оройд нь гарсан уулчид л мэднэ. Перу улсын эмэгтэй уулчид надтай хамт Манаслуд авирсан юм. Тэд оройд нь гараагүй. Багаа ахалж явсан бүсгүй Балбад 15 удаа ирэхдээ 11 удаа оргилд авирсан байв. Тэрбээр “Одоо Манаслуд авирвал дэлхийн 12 дахь оргил болох юм” гэж байлаа. Энэ жил тус оргилыг гурав дахь удаагаа зорьж ирсэн ч авирч чадалгүй буцсан даа.
-Монгол хүний уул, ус, байгальтай ойр өссөн нь оргилд авирахад нөлөөлдөг юм шиг ээ.
-Оргилд бараалхахын өмнө уул тахих ёслол болдог юм. Тэнд хэдэн цаг ном уншсан ч би чин сэтгэлээсээ сүсэглэж залбирдаг. Уул уулчин хоёрыг ямар нэгэн зүйлээр холбодог нэг тийм үгээр илэрхийлэмгүй ер бусын энерги байдаг юм. Энэ нь уулчинд мэдрэгддэг. Өөрийн эрхгүй нүдэнд харагдана. Сэтгэлд бодогдож, бүр зүүдлэгдэнэ. Тийм үед оргил руу тэмүүлэх зорилготой, зоригтой болдог юм билээ. Амьдралын үнэ цэн, аз жаргал, амьд яваагийн утга учрыг ууланд авирахдаа илүү мэдэрсэн. Өмнө нь энэ бүхнийг өөрөөр төсөөлж явснаа бодохоор одоо инээд хүрдэг юм. Аливаа зүйлд хүндлэлтэй хандах нь зүйтэй. Оргилд авирах замд монгол хүний уул, усаа хайрлаж шүтдэг, байгальтай ойр өссөн нь ч анзаарагддаг. Би 8120 метрийн өндөрт хүрээд нар мандахыг хүлээсэн. Энэ удаа 100 гаруй уулчин авирлаа. Есдүгээр сарын 24-нд тэнгэр цэлмэж, нар гарна. Түүнээс хойш цаг агаар муудаж, авирахад хэцүү болно гэх мэдээллийг уулчид авсан байв.
-Олны дунд оргилын оройд нь гарахад хийморь сэргэдэг гэх яриа бий л дээ.
-Манаслу оргилын оройд нь гарахад солонго татсан байлаа. Яг залбирч суугаа бурхан шиг харагдсан. Нэрийг нь сонсоход хүртэл сэтгэл сэргээд сайхан санагддаг. Оргилд гарсны дараа Мана Ас Лу хэмээх нэрийн талаар бодож суухад “Луу жилтэй Батхишиг чи ас. Ассан галын дөлөө унтраалгүй мана” гэсэн үг толгойд зурсхийн орж ирсэн. Эгч минь намайг “Миний дүү үүлэн дээгүүр явдаг хүн байхгүй юу” гэж хөгжөөдөг юм. Намайг анх ивээн тэтгэсэн байгууллага бол “Монос трейд” ХХК. Тиймээс оройд нь гараад тугийг нь хамгийн түрүүнд мандуулсан. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр хэмээх монгол ардын зүйр цэцэн үг бий. Намайг ойлгож, сайхан сэтгэлээр гар сунгаж тусалсан тус байгууллагын дэд захирал, Завхан аймгийн харьяат, Б.Цэрэнбат ахад баярласнаа илэрхийлье.
-Танд оргилоос буух хамгийн хэцүү байв уу. Уулчдад тийм үед эрсдэлийн тухай хамгийн түрүүнд бодогддог байх?
-Манаслуд авирахын тулд уулчид III кэмп хүртэл мөсөн авиралт хийсэн. Миний хувьд өгсөж, уруудахад жаахан ядарсан тал бий. Тэр үед энэ мөсөн ханаар яаж авирна даа гэх бодол төрж билээ. Уулчдыг оргилоос буух замд цас орж, гулсах нь ихэссэн тулд зам эвдэрсэн. Оргилд авирахаас илүү эсэн мэнд буух нь хэцүү тул анхаарал болгоомжтой явах шаардлагатай байдаг юм. Тиймээс сэтгэл догдлол, баяр хөөрөө дарж, яарахгүй тайван буусан. Лхоцед өнгөрсөн жил хамт гарсан хөтөчтэй явсан. Тэрбээр надаас насаар дүү тул хурдан, шаламгай хөдөлгөөнтэй. Тэрбээр миний оргилд авирсан бүх үйл явцыг баримтжуулан бичлэг хийсэн. Түүний хийсэн бичлэг юүтүб, тик токоор цацагдаж, олны хүртээл боллоо. Бид нар шарсан халуунд I-II кэмп хүртэл зургаан цаг явж хүрдэг замыг дөрвөн цаг, 30 минутад туулсан байв. Намайг III кэмп рүү алхахад тэрбээр анзаарч “Та өнгөрсөн жил 18 настан шиг хурдан байсан. Энэ жил бие тань жаахан сул байна” гэж байлаа.
-Уул хүний зан чанарыг таниулдаг гэдэг. Та үүнтэй санал нэг байдаг уу?
-Тийм ээ. Намайг дугуйнаас унаж бэртсэн байхад хамт явах хүмүүс Лхоцед авирах санал анх тавьсан юм. Би хүнд худлаа хэлэхгүй байхыг баримталдаг. Том зүйл амлана гэдэг тоглоом биш шүү дээ. Тухайн үед бүх талаар дэмжиж, тусална гэж амласан хүмүүс усанд хаясан чулуу шиг чимээгүй болсон. Тиймээс автомашинаа зараад зардлын мөнгө болгож билээ. Монголоос дөрвөн бүсгүй авирснаас би хамгийн түрүүнд оройд нь гарсан.
-Балбад хөл тавиад таны хамгийн түрүүнд харсан, мэдэрсэн зүйл юу байв?
-Миний өмнө нь судалсан Балба улсын бодит байдал төлөөлснөөс ч өөр байв. Тэнд хөл тавихдаа жаахан хүүхдүүд хүнд ачаа нуруундаа үүрээд амьдралын төлөө хөдөлмөрлөж байгааг хараад их өрөвдсөн. Зардлаа тааруулж явсан болохоор илүүчлэх мөнгө ч нэг их байгаагүй. Тухайн үед би хэдий сэтгэл гаргасан ч тэр олон хүүхдэд хайр түгээж чадахгүй шүү дээ. Тиймээс олон зүйлд санаа зоволгүй л явъя” гэж бодсон доо. Уулчны алдаа оноо, аз эз нэг л олсонд өрнөдөг болохоор Балбад очихоосоо өмнө эдгээр оргилын тухай өгүүлсэн кино үзэж, авиралт хийхэд ямар саад, бэрхшээлтэй тулгарах, хөтөчтэй, хөтөчгүй явах, хүчилтөрөгчтэй, хүчилтөрөгчгүй хэрхэн гарч болох, үхэлтэй нүүр тулбал яах вэ гэж уйгагүй судалж, бие, сэтгэл зүйгээ бэлдсэн. Манай хүүхдүүд “Ээж зурагт асаагаад Эверестийн тухай л үзэх юм. Энэ оргилд авирах ямар хэцүү юм бэ. Таныг оройд нь гарна гэхээс эмээж байна” гэдэг байв. Харин нөхөр минь сонсчихоод дуртай хүлээж аваагүй. Бүр дэмжээгүй. Оргилд авирахдаа аав, ээж, эх орон, гэр бүлээ их боддог байлаа.
-Таны оргилд авирсан бичлэгийг үзээд нөхдөө хөгжөөх дуртай занг тань мэдэрсэн шүү.
-Би хаана ч очсон хүмүүстэй нээлттэй харилцаж, хөгжөөх дуртай. Үндсэн отогт очоод тэднийгээ инээлгэж, хөгжөөсөн. Уул уулчдыг нэгтгэдэг, сайхан нөхөрлөх нөхөдтэй ч болгодог. Манаслуд авирахад 12-14 уулчин хамт хооллож, сонирхолтой яриа өрнүүлдэг байлаа. Оргилд хүн өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэддэг. Тэндээс эсэн мэнд буцаж ирнэ гэдэг том амжилт. Бидэнтэй хамт явсан хөтөч “Ямар ч оргилд гаргах нь сонин биш. Харин та нар гэртээ эсэн мэнд, баяр хөөртэй харивал тэр оргил нь юм” гэж билээ. Дэлхийн хоёр ч өндөр оргилд авирснаас хойш миний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн. Амьдралдаа баримтлах зарчим минь ч өөр болсон. Монголынхоо 4000 метрээс дээш оргилуудад гарсан минь намайг хэр баргийн зүйлд өвдөг сөгдөхөөргүй хатуужилд сургаж, нийгэмшүүллээ. Хүн зовлон даадаг гэдэг үнэн. Уулчид хоол хүнс, ачаа бараагаа үүрээд л өгсдөг. Хэн нэгний мөн чанарыг уул үнэнээр нь харуулдаг шиг санагдсан.
-Манаслугаас сэтгэлдээ тээж ирсэн зорилгыг тань сонсъё. Таны авирах дараагийн уул ямар оргил бол?
-Өнгөрсөн жил Лхоцегийн оройгоос Эверест рүү харахад өөрийн эрхгүй сэтгэл огшсон. Тэр үед “Ямар сайхан хайрхан бэ. Гэхдээ дэлхийн 14 ноён оргилоос хамгийн сүүлд нь авирна. Харин ирэх жил Манаслуд мөрөө гаргана” гэж өөртөө тунхагласан юм. Намайг гэртээ ирэхэд ойлгож, дэмждэг хүмүүс минь “2025 8850” гэсэн төсөл биччихсэн угтлаа. Тэд “Чиний дараагийн оргил Эверест шүү. Чи заавал бараалхах ёстой хүний нэг” гэж хэлсэн. Үүнээс өмнө надад Манаслу байнга бодогддог байлаа. Энэ удаа Манаслуд гарахдаа “Миний авирах дараагийн оргил К2” гэж бодсон. Эл уул далайн түвшнээс 8611 метрийн өндөрт оршдог дэлхийн хоёр дахь ноён оргил. Манаслугаас бууж ирэхэд уулчид “Чи дараа нь Макалуд авирвал яасан юм бэ” гэж зөвлөсөн.
-Таныг нутгийнхан тань дэмжиж, энэ удаа гар сунгаж туслав уу?
-Туслалгүй яах вэ. “Хатан-Эрдэнэ” холбооныхон 1999 онд орон нутгаас мисс шалгаруулахаар Завхан аймагт ирсэн юм. Би тэр жил сургуулиа төгсөөд нутагтаа очиж таарсан. Ээж минь өмнө нь “Охид сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцоод л байх юм. Миний охин нэг ороод үзээч” гэдэг байлаа. Ээжийнхээ хэлсэн үгийг бодоод, хүслийг нь амьд сэрүүнд нь биелүүлсэндээ баярладаг. Би юмыг маш хурдан сурдаг. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд хугацааг нь тулгаж өрсөлдөхдөө гурван өөр бүжиг хийж харуулсан. Шүүгчид хичээл зүтгэлийг минь үнэлж, өндөр оноо тавьсан ч Улаанбаатар хотоос ирсэн шүүгч нь нуруу намхан байна гэснээр нэг метр 75 см-ээс дээш өндөр охин тэргүүн байрт шалгарсан.Тэр тэмцээнд шүүгчээр ажилласан Завхан аймгийн ах, эгч нар намайг Манаслуд авирахад дэмжиж тусалсан шүү.
-Та хүнд өвчнөө ялан дийлж, эрүүл байхын сайхныг хэзээ мэдэрсэн бэ?
-Хэцүү өвчнийг ялан дийлснээ уулын гүйлтийн тэмцээнд оролцохдоо мэдсэн. Тус тэмцээний IX байрт шалгарч, эрүүл болсондоо баярлаж, бүр бахархаж байлаа. Итгэл, найдвар, баяр хөөр минь намайг Лхоце оргил руу хөтөлсөн юм шүү. Тэр үед уул хүлээж авах хүнийхээ зорьж ирэх бүх зүйлийг ямар нэгэн аргаар бүтээдэг шиг санагдсан.