Үндэсний статистикийн хороо, Британийн Элчин сайдын яамныхан хамтран инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа. Статистикийн мэдээлэл болон өгөгдлийн дүрслэлийг хөгжүүлэх нь уг уралдааны зорилго аж. Мөн тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Сонирхсон хүн бүр үүнд оролцох боломжтой. Ингэхдээ манай улсын Үндэсний статистикийн хороо болон Британийн Үндэсний статистикийн газрын цахим хуудсан дахь тоон мэдээллүүдийг ашиглах нь. Инфографик бүтээхдээ Монгол, Британийн хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, эдийн засаг, хүүхдийн эрх, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг сэдвээр төрөлжүүлсэн мэдээлэл бэлтгэх ёстой аж.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 20-ныг дуустал цахимаар буюу infor-mation@nso.mn хаягаар хүлээн авна. Оролцогчдын бүтээлүүдээс шилдэг дөрвийг нь шалгаруулан урамшуулах гэнэ. Дээрх уралдааныг Флоренс Найтингейлийн нэрэмжит болгон зохион байгуулдаг. Тэрбээр 1853-1856 онд үргэлжилсэн Крымийн дайны үед сувилагчаар ажиллаж байхдаа цэргүүд юунаас болж нас барсныг харуулсан инфографик бэлтгэжээ. Түүний инфографик нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэрт нөлөө үзүүлж, олон хүн амь эрсдэх аюулаас аварч чадсан түүхтэй аж. Тиймээс Флоренс Найтингейлийг “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” хэмээн нэрлэдэг юм байна.
М.ОЧ