“Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өчигдөр зарлалаа. Төслийн ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлжээ. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл хариуцаж байгаа билээ.
Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7 км урттай, Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх гэнэ. Нийт 14 өртөө зогсоолтой байх бөгөөд аяллын хугацаа нь 27 минут гэж тооцжээ. Зогсоол хоорондын зай нь 1.3 км аж. Оргил ачааллын үед цагт нэг чигт 17-26 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх нь. Метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Барилга угсралтын ажлыг нь 2025 онд эхлүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тендерийн баримт бичигт дурдсанаар бол Улаанбаатарт метро барих нийт төсөвт өртөг нь 4.5 их наяд төгрөг юм байна. Үүнээс эхний ээлжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ онд гаргахаар төлөвлөжээ. Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг ирэх арванхоёрдугаар сарын 9-ний 11.00 цагаас өмнө хүлээн авч, 11.10-т нээж, олон нийтэд мэдээлэх гэнэ.