“Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнг ирэх оны аравдугаар сард Швейцарын Холбооны улсын Цюрих хотын “Ритберг” музейд гаргахаар болжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон Швейцарын “Ритберг” музейнхэн 2022 оны зургаадугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд 2024-2025 онд “Ритберг” музейд үзэсгэлэн зохион байгуулахаар болсныг хэрэгжүүлэх гэж буй нь энэ аж. “Ритберг” нь Швейцарын урлагийн хамгийн том музей бөгөөд Ази, Африк, Америкийн улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн баялаг цуглуулгатай юм байна.
Ташрамд дурдахад, манай улс түүхэн өв соёлын үзэсгэлэнгээ энэ онд Франц улсын Нант хотод дэлгэсэн билээ. Цаашид Европын улс орнуудад цуврал үзэсгэлэн гаргахаар болсон бөгөөд ирэх онд Цюрихээс гадна Чехийн Прага хотод “Чингис хаан” үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа талаар “Чингис хаан” үндэсний музейнхэн мэдээлэв. Түүнчлэн 2026 онд ХБНГУ-ын Берлин хотод “Чингис хаан: Монголчуудын ертөнц” үзэсгэлэн дэлгэхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.