Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр нийт 900 сая төгрөгөөр хичээлийн А, Б байрандаа их засвар хийснийг Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинсүрэн танилцууллаа. Түүнтэй товч ярилцав.
-Хөдөөгийн сургуулиудад багш нарын хүрэлцээ хангамж тааруу гэсэн мэдээ байсан. Танай сургуулийн хувьд ямар байгаа вэ?
-“Манай сум Хэнтий аймгаас 270, УБ-аас 600 гаруй км-ын зайтай алсдагдсан сумын нэг. Энэ хичээлийн жилд газар зүй, эрүүл мэнд, нийгэм зэрэг хичээл дээр шинээр төгссөн багш нарыг авч ажиллуулж байна. Гэвч зарим хичээлийн багш дутмаг байгаа. Англи хэлний хоёр багштай байхаас ганц багштай, орос хэлний багш дутмаг байна. Ганц манай сум гэлтгүй багш нарын нөөц улс даяараа дутуу байна. Гадаад хэлээр цөөхөн төгсөгчтэй, төгсөгчид нь хот хүрээтэй ойр суурьшдаг болов уу. Манай сумын тухайд ажилчдын байр сууцны асуудал бэрхшээлтэй. Бид багш нарынхаа орон сууцыг өөрсдийнхөө боломжоор, янз бүрийн байдлаар шийдэж байна.
-Алслагдсан сумын тухайд сурагчдад дотуур байрны эрэлт хэрэгцээ их. Байрны, байрны хоол хүнсний хүрэлцээ ямар байна вэ? Улсаас өгдөг төсөв нэмэгдсэн үү?
-Манай суманд 2020 онд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон. Жилдээ малчдын 140-160 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч сурч байна. Дотуур байрын хоол хүнсний төсөв өөрчлөгдөөгүй. Сурагчийн нэг өдрийн хоолны төсөв 4000 төгрөг. Ахлах ангийн сурагчдынх 300 төгрөгөөр илүү. Дадал суманд мах үнэтэй учраас бусад зардалдаа нөлөөлдөг тал бий. Гэвч бид дотуур байрны сурагчдын хоол хүнсийг аль болох хүртээмжтэй байлгахыг хичээдэг.
-Дадал сумын сургууль ТХБ-II төслийн жишиг 30 сургуулийн нэг. Тус төслийн дэмжлэг, сургуулийн хамт олны санаачлагаар сумынхаа байгаль, түүхийн цогцолбор газруудаа, түүхээ танилцуулдаг хөтөч хүүхдүүдийн клуб ажиллуулж хэвшсэн. Одоо ч энэ клуб идэвхтэй ажиллаж байгааг багш нар танилцууллаа. Энэ туршлагаасаа хуваалцвал?
-Манай сум түүхэн аялал жуулчлалын нутаг гэдгээрээ онцлог. Үүний хүрээнд сургуулийн багш нар, хүүхдүүд түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөтөч, сургагч бэлтгэх, үүх түүхээ танин мэдэх клуб ажиллуулдаг. ТХБ-II төслийн хүрээнд 2021 онд байгуулагдсан “Ирээдүйн хөтөч” клуб нийт 40 гаруй хүүхэд бэлтгэсэн. Анх бэлтгэгдсэн сурагчид төгсч, шинээр 15 сурагч элсүүлсэн. Клубын сурагчид монгол хэл уран зохиолын багш Баярмаа, англи хэлний багш Золзаяа нартайгаа хамтран Чингис хааныхаа газар нутгийн онцлогыг англи, монголоор танилцуулах тайлбарлах чадвар эзэмшиж байна.