АНУ-ын Пенсильвани мужийн Манхаям хотод зохион байгуулсан “Journeymen world classic” чөлөөт бөхийн тэмцээнд Монголын өсвөр үеийн таван эмэгтэй тамирчин хоёр дасгалжуулагчийн удирдлагад оролцлоо. Манайхан есөн орны 240 гаруй тамирчин өрсөлдсөн. Тэднээс 61 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Биеийн тамир, спортын газрын тамирчин М.Баясгалан хүрэл медаль хүртлээ.
Манайхан энэ удаа багийн нийлбэр дүнгээр III байрт шалгарав. Монголын чөлөөт бөхийн холбоо эл тэмцээнд тамирчдаа жил бүр идэвхтэй оролцуулах зорилго тавин ажиллаж буй гэнэ. Хойшид хоёр улс тамирчдаа хамтарсан бэлтгэл хийлгэх, туршлага солилцох хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна.