УИХ-ын ээлжит чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы ирц 80.2 хувьтай, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй зарим сайд, холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн, тэдний тодорхойлсон төсөл, төлөвлөгөөг хэлэлцэж буй тул гишүүдийн асуултад хариулах албаны хүмүүс УИХ-ын чуулганд хүндэтгэлгүй хандах явдал давтагдвал энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга анхааруулав.
Засгийн газраас 2025-2027 онд эдийн засгийн өсөлтийг ДНБ-ий найман хувьд хадгалах зорилт тавьж, хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ. “Оюутолгой” төслийн зэсийн агууламж бараг 50 хувиар, алтных хоёр дахин нэмэгдэж буй нь өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн уналтад ороод байсан хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, хөрш орнууд, Евразийн эдийн засгийн холбоо болон БНСУ-тай хийж буй хэлэлцээрүүдийг амжилттай дуусгаснаар экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолсон аж. Статистик мэдээлэл танилцуулсны дараа гишүүд Засгийн газрын дэвшүүлсэн хөгжлийн хөтөлбөрийн талаар санал, шүүмжлэл өрнүүллээ. Тухайлбал, Р.Сэддорж гишүүн “Хэрлэн Тооно” төслийн бэлэн байдлыг 2025 онд 100 хувь хангах, Тавантолгой цахилгаан станцын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 20 хувьд хүргэх зорилт хэрхэн хангагдах талаар асуулт тавьж, хариулт авлаа. Мөн “Сэргээгдэх эрчим хүчний төслийг гадаадын зээл, тусламжаар ирэх онд 80 хувьд хүргэнэ гэсэн. Нэмж зээл авахаас илүү одоогоор хөрөнгө оруулсан компаниудаа дэмжиж, үр дүнг нь үзэх ёстой. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ хашаалаагүйгээс болж мал дайруулж, иргэд хохирол амсаж байгааг шийдэж өгөөч” гэсэн санал тавилаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариулахдаа “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-ийг 2014 онд баталсан. Хилийн усны уг жилийн хэлэлцээрээр энэ төслийн талаар ярилцсан боловч “амжилттай” гэж хэлэх боломжгүй. “Хэрлэн-Тооно” усан цогцолборыг байгуулснаар 1.6 тэрбум шоо метр ус хуримтлуулна. Үүнд ус дамжуулах 235 км далд шугам барих юм. “Орхон-Онги” төслийн хувьд ТЭЗҮ нь хуучирсан, дахин хийх шаардлагатай. “Оюутолгой” компани усны төсөлд ТЭЗҮ боловсруулахаар амлаад, энэ оны долоодугаар сард ТЭЗҮ-д тодотгол хийх тендер зарласан. Шалгаруулалтаас хойш нэг жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг боловсруулна. Засгийн газрын ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанд үүнийг танилцуулахаар төлөвлөсөн” гэв.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Тавантолгой цахилгаан станцын хувьд тендерт оролцсон компаниуд шүүхийн маргаантай байна. Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаар 450 МВт хүчин чадалтай уг станцын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өмнөговьд баригдах Германы хөрөнгө оруулалттай, 102 МВт хүчин чадалтай салхины эх үүсвэр нь 2008 онд тусгай зөвшөөрөл авсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл барьсан хашаанаас өөр юмгүй, цаасан дээр л олон ажил хийсэн гэдэг. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна. Хөрөнгө оруулагчид ажлаа хийх л үлдсэн. Ер нь тусгай зөвшөөрөл авсан, сэргээгдэх эрчим хүчний ийм олон төсөл бий. Өөрсдөө ажил хийдэггүй, бусдад боломж олгодоггүй ийм байдлаас болж сэргээгдэх эрчим хүч зогсонги байдалд орсон” гэж хариулав.
Шадар сайд Т.Доржханд “Өмнөх төслүүдэд эрчим хүчний тарифыг хэт өндөр тогтоосон нь маргаан үүсгэж, ажлуудыг гацаагаад байна. Засгийн газрын зүгээс эрчим хүчний шилжилт хийнэ. Энэ нь зөвхөн үнэ тарифын асуудал биш. Дунд хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг зөв болгоно. Урт хугацаандаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бодитой хөрөнгө оруулалт хийнэ гэсэн хүлээлттэй байна” гэв.
“Орано майнинг” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах талаарх асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариулахдаа “Орано майнинг”-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр яг энэ өдрүүдэд таван дэд ажлын хэсэг саналаа нэгтгэн бэлтгэж байна. Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш, гуравдагч хөрштэй хэлэлцэн шийдвэрлэж буй хоёр дахь том хөрөнгө оруулалт. Нөгөөтээгүүр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайн жишиг болох хөрөнгө оруулалтын гэрээ байх учиртай. Эрэлт өндөртэй, энэхүү стратегийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь геополитикийн хувьд ч, эдийн засгийн томоохон өөрчлөлт хийх талаараа ч “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ өндөр ач холбогдолтой гэв. Ийнхүү УИХ-аар ирэх оны хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Засгийн газрын танилцуулсан 14 мега төсөл бүхэлдээ эдийн засгийн өсөлт рүү чиглэж байна. Үүнд юуны өмнө Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын ажлыг ойрын хоёр жилд хурдтай хийхгүй бол цаашид эдийн засгийн өсөлтийн тухай ярих хэрэггүй гэдгийг сайд нар хэлж байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг амлалтаа хөгжлийн төлөвлөгөөндөө яаж амилуулах вэ” гэж Сангийн сайдаас асуусан юм. Товчхондоо, хөгжлийн төлөвлөгөөнд тусгаснаар инфляцын зорилтот түвшнийг 2025 онд 7.5, 2026 онд тав, 2027 онд дөрвөн хувь байхаар буюу Монголбанкнаас тодорхойлсон зорилтот түвшинд нийцүүлж төлөвлөсөн. Энэ онд 7.5 хувь гэж төлөвлөсний учир нь эрчим хүчний салбарын үнэ тарифын либералчлал хийхтэй холбоотой гэх зэрэг өргөн агуулгатай, шинэ мэдээллүүд агуулсан хэлэлцүүлэг боллоо.
У.ОРГИЛМАА