УИХ-ын анхны намрын чуулган өнгөрсөн долоо хоногт эхлэв. Уг чуулганаар ирэх жилийн улсын төсөв, төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг хуультай. Үүний дагуу Засгийн газраас өргөн барьсан улсын 2025 оны төсөв, түүнтэй холбогдох хууль, тогтоомжууд, мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй юм. Гэвч долоо хоногийн турш байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц хангалтгүй, сайд нарын эрэлд гарсаар дууслаа. Улсын төсөв хэлэлцэхэд бүх нам ирцээ идэвхтэй бүрдүүлж, чухам энэ үеэр л гишүүд бараг 100 хувь цугладаг байсан цаг түүх болжээ. Улсын төсөв, хөгжлийн бодлоготой холбогдуулан УИХ-ын гишүүд нь асуулт тавьж, тодруулах гэтэл хариулт өгөх сайд ч олдсонгүй.
“Сайд нар хаачив, Засгийн газрын гишүүд ирцээ бүрдүүлээч” хэмээн байнгын хорооны дарга нар болон УИХ-ын дарга гуйсаар өнгөрлөө. Тэд уг нь гуйлгаж биш, шамдаж ажиллах учиртай, үүрэгтэй хүмүүс. Тэгвэл сайд нар хаашаа “тэнэж” алга болоод байна вэ. Орон нутгийн сонгууль болж буй учраас Засгийн газрын гишүүд уг ажилдаа “хүчин зүтгэж” яваа сурагтай.
Орон нутгийн сонгуульд оролцохоор 20-иод хүн чөлөө хүсжээ
Эдийн засгийн байнгын хорооныхон хуралдах үеэр гишүүдийн асуултад хариулах сайд нарын олонх нь байсангүй. Тэр байтугай төрийн нарийн бичгийн дарга, холбогдох албан тушаалтнуудаас нь ч цөөн хүн иржээ. Туршлагатай, хуучин гишүүд нь хүртэл гайхахад хүрэв. Гурав дахиа улирч сонгогдоод буй гишүүн Ж.Ганбаатар “Хөгжлийн төлөвлөгөө баталж байхад сайд нар хуралд суух ёстой. Уг нь суудаг л байсан юм даа” гэсэн юм. Гишүүн М.Бадамсүрэн “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь зүүн бүсэд орон нутгийн сонгуулийн ажлаар яваа юм билээ. Бид улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн асуудалд санаа зовж суухад салбарын сайд нар нь ингээд явж байна” гэв. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Эдийн засгийн хөгжлийн салбарыг “дааж авснаараа” Л.Гантөмөр л бүх хуралдаанд торойж байв. Засгийн газрын гишүүд нь хаачсан, яагаад хуралдаа оролцохгүй байгааг нэхсэн гишүүдэд тэрбээр “За яах вэ, чуулган дөнгөж эхэлж байна, хуралдаанд хэнийгээ оруулах вэ гэдэг менежмент дээрээ алдсан байж магадгүй” хэмээн толгойгоо илж суув. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд эхлүүлэхээр тусгасан байдаг. Гэнэт зарласан ээлжит бус чуулган биш шүү дээ. Ингээд асуултад бүрэн хариулт өгөх сайд нар нь байгаагүй учраас тус байнгын хорооны хуралдааныг хойшлуулахад хүрсэн.
Харамсалтай нь, маргааш, нөгөөдөр нь ч чуулганы нэгдсэн хуралдаанд энэ байдал давтагдав. 20-иод гишүүн орон нутгийн сонгуульд ажиллахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас чөлөө хүссэн бичиг ирүүлсэн гэнэ. Үүний дотор сайд нараас цөөнгүй нь багтсан бололтой. Тэрбээр чуулганы хуралдаанаа хийх гэж сайд нарыг урьсаар, хайсаар суусан нь харахад өрөвдмөөр. Учир нь “Зам, тээврийн яамнаас хүн байна уу, сайд нь хаачив. Төрийн нарийн бичгийн дарга, бодлогын газрын дарга, ядаж сайдын зөвлөх гээд хүн байна уу. Цалин аваад ажилладаг хүмүүс байгаа биз дээ, энэ юу болоод байна вэ, Шадар сайд аа. Арай хариуцлагагүй байгаа юм биш үү. УИХ-ын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, ядаж орлох хүн, хариулт өгөх албан тушаалтнууд нь ирэх ёстой биз дээ. Одоо асуулт тавих гишүүдийн өмнөөс айж байна. Яана аа, хариулт өгөх хүмүүс нь алга” хэмээж суусан юм. Н.Учрал сайдаас эрж сурсны эцэст Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ямартай ч гадаадад томилолттой явааг тэрбээр мэдэв. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганыг удирдахад ч байдал давтагдав. “Хариулах хүн алга байна, сайд нараа дуудаж байж асуух уу, дарга аа” хэмээн гишүүд сануулна. Тухайн үед танхимд дөрвөн сайд байгааг дэд дарга мэдээлнэ лээ. Мөн Н.Учрал, Л.Гантөмөр нараас сайд нарыг нь нэхээд амжилт олоогүй тул зарим гишүүн Ерөнхий сайдыг нь ч үгүйлэв. Гишүүн Б.Жаргалан “Шинэ парламентын эхний намрын чуулганаар анхны улсын төсвөө батлах гэж байна. Гэтэл энэ танхимд яагаад ийм цөөхөн хүн сууж байгаа юм бэ. Улсынхаа хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь чуулганд оролцох ёстой шүү” гэлээ.
Тэгш эрхтэй сайд-гишүүдтэй болсны гор
Байгуулагдаад анхныхаа намрын чуулганыг хийж буй 126 гишүүнтэй парламентын хуралдааны дүр төрх нэг иймэрхүү. УИХ-ын дарга нь гишүүдээ цуглуулж, ирцээ бүрдүүлж барахгүй, хэтэрхий зөөлөн байна. Уриад, гуйгаад ч нэмэргүй. З.Энхболд, Ц.Нямдорж нарын спикер гишүүдтэйгээ хатуу гараар үздэг байсан сан. Тэдний туршлагаас Д.Амарбаясгалан дарга суралцах хэрэгтэй мэт. Нөгөө талаас Үндсэн хуульд 2022 онд өөрчлөлт оруулж, “давхар дээл”-ийн хязгаарыг авч хаясны гор энд гарч буй юм.
Л.Оюун-Эрдэнийн танхим 16 яам, 22 сайдтай. Тэд 100 хувь “давхар дээл”-тэй УИХ-ын гишүүн байна. Ийм нөхцөлд ирцээ бүрдүүлэхэд УИХ-ын даргад амаргүй байх нь бас ч аргагүй. УИХ-ын гишүүд сайдын алба хашихаар “том толгой” гаргадаг, шаардлага тавьсан гишүүдийн үгийг сонсдоггүй сул талтай. Даргынхаа үгийг ч тоодоггүй, “давхар дээл” өмссөний хариуцлагаа ч ухамсарладаггүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд эрх мэдлийн хуваарилалт энэ шалтгаанаас болж алдагддаг тухай олон жил шүүмжилсэн, ярьсан. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь л УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарласан юм. Гэвч 2022 онд Үндсэн хуулиас энэ хэсгийг хасаж, хүчингүй болгочихсон. Эрх мэдлээ холиод явж байх нь олонход таалагддаг бололтой. Энэ бүхэн нь өнөөдрийн байдлыг үүсгэж, үндсэн ажил, үүрэгтээ биш, намынхаа сонгуулийн ажилд илүү санаа тавьдаг, хариуцлагагүй сайд нарыг бий болгосон байх нь.
Ямар хариуцлага тооцох вэ
Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заажээ. Намын эрх ашгийг түрүүнд тавих тухай ямар ч хуулийн зохицуулалт үгүй. Гэвч бодит байдал ийм болсон байна. Үндсэн ажлаа хийхгүй байгаа гишүүн, гишүүн-сайд нарт ямар хариуцлага тооцох вэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүдийн цалингаас тасалсан өдрийнх нь тоогоор хасах арга хэмжээ авах юм байна. УИХ-ын гишүүний сарын цалин 3.9 сая төгрөг. “Давхар дээл”-тэй хүмүүс нэмээд сайдын цалингаа авч байгаа. Мөн тэдний олонх нь хувьдаа бизнестэй, хангалттай орлоготой. Ийм байхад хэдэн өдрийн цалин хасах нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэдний өдрийн хоолны мөнгөний дайнд ч хүрэхгүй. Бэлгэдлийн чанартай, арга ядсан л “хариуцлага” юм даа.
Уг нь хуралдаандаа хэдэн удаа суугаагүй нөхцөлд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах боломжийг нээж өгөх ёстой. Зөөлөн суудал, эрх мэдлээсээ татагдах эрсдэлтэй болбол сайд нь ч, УИХ-ын гишүүд нь ч дураараа дургих аргагүй болно. Гэвч ийм зохицуулалтыг хуульд оруулах эр зоригтон олдохгүй, олдсон ч олонх нь дэмжихгүй байгаа юм.
Хуулийн хүрээнд дорвитой хариуцлага тооцдоггүй учраас сайд нар нь ажлаа үл тоож буй ийм байдал энэ долоо хоногт ч үргэлжлэх болов уу. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр хоёр л нүүрээ улалзуулаад сууж байвал гайхах хэрэггүй. Учир нь энэ сарын 11 буюу баасан гарагт аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Сонгуульд “дайчлагдан” чөлөө хүсэх гишүүн, сайд нарын тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Хэдийгээр Эдийн засгийн хөгжлийн сайд хэдий ч АН-ын дарга учраас Л.Гантөмөр өөрөө ч “олдохгүй” байх магадлалтай. Намрын чуулган эхэлсэн ч орон нутгийн сонгуультай цаг үе нь давхацсан учраас улс төрчдийн ухаан санаа тийш чиглээд, үндсэн ажлаа хойш тавьчхаад байна. УИХ-ын сонгуулийн өмнө гишүүд нь нэр дэвших тойрог руугаа “гүйчхээд”, бүлгүүд хуралдахгүй, байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц бүрдэхгүй хэцүүдсэнийг уншигчид мартаагүй байх. Уг нь сонгууль болоод өнгөрнө, төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Монгол Улсын иргэдийг төлөөлж, тэдний эрх ашгийн төлөө ажиллахаар УИХ-ын гишүүн болдог, парламентаас баталсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж сайдаар томилогддог. Гэвч манай улс төрчдийн хувьд намын эрх ашиг хэзээд улсынхаас, ард түмнийхээс түрүүнд явж ирсэн. Энэ нь бараг бичигдээгүй хууль болтол бэхэжсэн байна. Тиймээс УИХ-ын болон байнгын хорооны дарга нарт энэ долоо хоногийг дуустал “тэсэх”-ээс өөр сонголт алга. Орон нутгийн сонгууль дууссаны дараагаас эрхбиш гишүүд болон сайд нар үндсэн ажилдаа санаа тавина гэж найдна.