Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийг засварлахаар болжээ. Уг төслийн хүрээнд дээрх сургуулийн хичээлийн байрны дээврийг засах аж. Тус сургуулийн хичээлийн байрны дээвэр чанарын шаардлага хангахаа больж, ихэд хуучирч, дусаал гоождог болсон гэнэ. Харин дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тус сургуулийн 1338 сурагч, 91 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд суралцаж, ажиллах эрх хангагдахыг аймгийнх нь ЗДТГ-аас онцлов.
Японы Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийг Монголд 34 жил хэрэгжүүлээд буй гэнэ. Монгол Улс дахь 605, Дархан-Уул аймагт хэрэгжүүлсэн 25 дахь төсөл нь энэ аж. 18 дугаар сургуулийн засварын ажилд 100 138 ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.
А.ҮҮЛЭЭ