ХБНГУ-ын Боннын их сургуулийн доктор Б.Оюунмөнх Алтайн өвөр говьд уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийжээ. Тэрбээр үүндээ тулгуурлан бичсэн “Алтайн өвөр говийн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт ба голын урсцад үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийнхээ үр дүнг мэргэжил нэгтнүүддээ танилцууллаа. Тэрбээр “Модны жилийн цагаригийн судалгаагаар тухайн бүс нутгийн уур амьсгал ХХ зуунд бага мөстлөгийн сэрүүн хуурай, чийглэг нөхцөлөөс хуурай гандуу жилүүд рүү шилжсэн байна.
Энэхүү дулаарал 1980-аад оноос хойш эрчимжсэнээр Алтайн уулсын мөстөл, цэвдэг, хөрс, гадаргын урсцад нөлөөлж, усны нөөц хомсдох шалтгаан болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагаар ирээдүйд өвөл, намарт орох хур тунадасны хэмжээ нэмэгдэх боловч дулаарлын улмаас цас эрт хайлж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэх хандлагатай. Харин зуны хур тунадасны хэмжээ буурч, хэт халах үзэгдэл эрчимжсэнээр голын урсац эрс багасаж, ган гачиг нэмэгдэх төлөвтэй” хэмээн онцлов.
Н.МИШЭЭЛ