Нийслэлийн 88 дугаар сургуулийн үүдэнд хүндэтгэлийн тайз засаж, дуу хуур эгшиглэнэ. Улаан туузаар гоёсон хүүхдүүд тайзан дээр бүжиглэж, дуулж буйг харахад тоглолтдоо бэлтгэж буй бололтой. Сургуулийн танхимд багш нар төдийгүй сурагчид ч тун завгүй гүйлдэнэ. Сурагчид зочидтой инээмсэглэн мэндэлж, энгэрийн тэмдэг зүүж өгч байв. Тэд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын ёслолд бэлтгээд ийнхүү завгүй байгаа нь энэ юм. Эл сургууль Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг.
Тус сургуулийн захирал Ч.Уранбаяр “Төрхурахын үслэг эдлэлийн сангийн аж ахуйн хоёр өрөө байранд 40 сурагч, гурван багштайгаар хичээлээ эхэлсэн түүхтэй. Сангийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор 1964 онд манай сургуулийг байгуулсан. Өдгөө 21 бүлгийн 510 сурагч, 58 багш, ажилтантайгаар сургалтаа явуулж байгаа юм. Манай сургууль төр, нийгмийн олон зүтгэлтэн, урлаг соёл, спортын түүчээлэгчдийг бэлтгэсэн. Нэлээд эрт үеэс л сурагчид маань 100 буудалт даам, цанын спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүллээ. Жишээлбэл, 100 буудалт даамын олон улсын их мастер Г.Ганжаргалыг энд дурдаж болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны ерөнхий захирал Ш.Отгонбилэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж гээд олон алдартан манай сургуулийг төгссөн. Мөн чадварлаг багш нар, шилдэг удирдлагууд, хичээл зүтгэлтэй эцэг, эхчүүд, шавь нар, сургалтын үйл ажиллагааг дэмждэг байгууллага болон төгсөгчдийн ачаар нийслэлийн 88 дугаар сургуулийн нэр алдар шинэ цагийн боловсролын салбарт үргэлж өндөрт манддаг. 2016 онд Баянзүрх дүүргийн тэргүүний сургууль, өнгөрсөн жил нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар шалгарлаа” хэмээлээ.
Эл сургуулийг 2010 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсны нэрэмжит болгосон түүхтэй. Тэрбээр энэхүү сургуулийн төгсөгчдийн нэг.
Тус сургуулийн хамт олон 60 жилийн ойдоо зориулан бэлтгэсэн “Өрнөхүйн замналтай нэгэн жаран” бүтээлийг энд онцлох нь зүйтэй. Байгальд ээлтэй, бас гадаадад оршин суугаа төгсөгчдөдөө хүргэхийн тулд цахим ном гаргажээ. Энэ нь багш, ажилтнууд болон төгсөгчдийн дурсамжийн талаар оруулсан тун бүтээлч, хөдөлмөр шингээсэн ном аж.
Сурагчдын хөгжил, аюулгүй байдалд хэрхэн анхаардаг вэ
“Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу хүртээмжтэй, чанартай боловсрол сурагчдад олгохоор зорьж буй. Хичээлээсээ хоцорсон сурагчдад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр ч сургалтын төлөвлөгөөнд бий. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тоглоомын талбай, цэцэрлэгжүүлэлт, явган хүний зам, гаднах орчин, сурагчийн автобусны дулаан зогсоолыг тохижуулж байна. Манай сургууль хотын төвөөс харьцангуй алслагдмал учраас эрсдэлээс хамгаалсан гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг хийсэн. Хороон дахь хүүхэд хамгааллын багтай төлөвлөгөө гаргаж, хамтран ажилладаг. Сургуулийн автобусаар маршрутын дагуу өглөө эртлэн хүүхдүүдээ авч, осол гэмтлээс сэргийлдэг” хэмээн захирал Ч.Уранбаяр онцоллоо.
Нийгмийн ажилтан Б.Өдөрсөд “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд жилийн төлөвлөгөө гарган ажилладаг. Эрх ашгаа хамгаалах зорилготой Охид, хөвгүүдийн зөвлөл ч бий. Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийнхэн нь нийгмийн ажилтан, “School police”, жижүүр багш нартай хамтардаг юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, анги удирдсан багш нартай хамтран үе тэнгийнхний дээрэлхэлт байх ёсгүй талаарх сургалтыг тогтмол явуулдаг. Миний ажиллаж буй дөрвөн жилийн хугацаанд үе тэнгийнхний дээрэлхэлт гараагүй” гэлээ.
А.Сүхбат: Галчаар ажиллахын зэрэгцээ хичээлдээ суудаг хүүхэд байлаа
“Би нэг сул талтай. Тэр нь хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүй” гэж дархан аварга, Гавьяат тамирчин А.Сүхбат хэлэв. Тэрбээр эл сургуулийн 1987 оны 8А ангийн төгсөгч бөгөөд ойн баярт нь оролцохоор хүрэлцэн иржээ. Түүний ангийнхан тус сургуулийн ойг тохиолдуулан зохион байгуулсан өсвөрийн бөхийн барилдааны шилдгүүдийг шагнасан юм.
“Ах, эгч, дүү нар минь болон үе үеийн төгсөгч нар төрөлх сургуульдаа эргэн цуглаж буй түүхэн өдөр өнөөдөр тохиолоо хэмээн бодож, баяртай байна. Үе үеийн төгсөгч нар, суралцаж буй хүүхдүүд, багш ажилчид, удирдлагууддаа 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Гэр бүлийнхний минь ярьснаар Төрхурахын сургуулийнхан анх монгол гэрт хичээллэж байжээ. Төмөр замын Хонхор өртөө, Радио станцыг дагаад суурьшлын бүс бий болж, манай гэр бүлийнхэн ч энд суурьшсан. 1979 онд нэгдүгээр ангид элссэн гэхээр 45 жилийн өмнөх дурсамжийг одоо ярих гэж байна. Хүүхэд насны дурсамж их гэгээлэг, мартахын аргагүй он цагууд улиран оджээ. Цасан дээгүүр гулгаж тоглодог, хичээлдээ яах ийхийн зуургүй л гүйгээд оччихдог байлаа. Ховд аймгийн Манхан сумын харьяат Л.Мягмар багшийн удирдсан 1А ангид элссэн. Манай анги 23 хүүхэдтэй байв. Тэр үед нийтийн халаалтад холбогдоогүй байлаа. Сүүлд л уурын зуухтай болсон байх. Ангийнхаа хамгийн том биетэй хүүхэд болохоор ард сууна. Тэгээд л багшийн дохиогоор ангийн хойд талын хэсэгт байх том поошигон зуухыг галладаг. Өглөө ангидаа орж ирээд суухад сандал мөс шиг л санагддаг байсан. Өвлийн улиралд бүгд гадуур хувцастайгаа ангид суудаг байлаа шүү дээ. Тэглээ гээд “Хүйтэн байна. Больё оо, багш аа” гэж хэн нь ч хэлж байгаагүй. Галчийн ажил хийдэг, түүнийхээ хажуугаар хичээлдээ суудаг хүүхэд байлаа даа. Хэдэн мод хийчхээр утаа гарна. Тэрхүү утаанд багштайгаа цуг бүх хүүхэд уйлна. Тэр үед яаж ангидаа угаартчихаагүй юм бол. Хоёрдугаар цагийн хичээлээс эхлээд анги нэлээд сайхан дулаацна.
Баатарчуудын эвлэлд ерөнхий боловсролын бүхий л сургуулийн сурагчид элсэх ёстой байдаг. Баатарчуудын эвлэлийн гишүүд цагаан зах зүүдэг. Дөрөвдүгээр ангид пионерын гишүүний тангараг өргөдөг. Пионерын гишүүн нь галстук, энгэрийн тэмдэгтэй. Гурван жилийн хугацааг тэгж өнгөрөөжээ. Хэл бичгийн багш Г.Багаа 4-8 дугаар ангид биднийг хариуцаж төгсгөсөн. Г.Багаа багшаас гадна нэлээд хэдэн захирлын нүүр үзсэн байна. Биднийг сургуульд орж байх үед Т.Хиял захирал ажиллаж байв. Т.Хиял багш “Барилдвал ингэж барьц аваарай. Ийм мэх хийгээрэй” гээд надад хэд хэдэн мэх зааж өгч байсан юм. Т.Хиял багш манай аавтай барилдаж байсан хүн л дээ. Мөн аав минь ч олон мэх зааж өгсөн. 12 настай байхад бурхны оронд заларсан. Тэр хүртлээ л аав минь намайг дасгалжуулж байж” хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.
Түүнчлэн тэрбээр “Наймдугаар ангийн сурагчдыг дүнгээр нь эрэмбэлдэг. Түүгээр би эхний таван байрт орсон санагдана. Тэгээд Барилгын политехник коллежид орсон. Зарим нь хүнсний технологийн, техник мэргэжлийн сургуульд элсэж, мөн 10 дугаар ангид суралцахаар явсан хүүхэд ч бий. Тэгээд л үүрнээсээ нисэцгээсэн дээ.
Долоодугаар ангид байхаасаа найзуудын хамт Улаанбаатар хотод дугуйланд хичээллэж эхэлсэн. Мөнхтөр, Зандан-Очир боксоор, Ганболд бид хоёр бөхийн секцэд хичээллэдэг байлаа. Монголын пионер сурагчдын ордны чөлөөт бөхийн секцэд Гавьяат багш О.Цэрэндагвад шавь орсон. Хичээлээ тарчхаад, галт тэргэнд суугаад оройн бэлтгэлд арай гэж л амжиж очдог. Улаанбаатараас 22.40 цагийн вагонд суугаад гэртээ 00.00 цагийн үед л ирдэг байсан байх. Одоо бодоход өглөө хичээлдээ суучхаад, хоолтой, хоолгүй шөнө хагаслаж тэгж явна гэдэг сургуулийн хүүхдэд амаргүй байж. Амьдрал их хатуужил өгчээ. Зуны улиралд мал маллаад хар бор ажил их хийдэг байлаа. 12 настайдаа 40 литрийн багтаамжтай бидонтой ус мөрлөөд гүйчихдэг болсон байлаа. Аав, ээж минь хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжил олгожээ. Улаанбаатар хотод залуучуудын шигшээ баг, “Шонхор” клубт элссэн. Бэлтгэл тараад заримдаа уулын хормой дагаад гэр лүүгээ гүйчихдэг байлаа. Ингэхээр Улаанбаатар хотоос Налайх дүүрэг хүртэл 20 гаруй км гүйнэ гэсэн үг. Идэр есийн 40 хэмийн хүйтэнд тэгж гүйхдээ амьсгаагаа дарахаар зогсох л юм бол хөлдөнө. Хамаг бие хөлөрч мөс болчихсон л гэртээ орно шүү дээ. Ээж мах чанаад, аарц буцалгачихсан хүлээж байдаг. “Мундаг тамирчин болно оо” гээд зүтгэсний хүчинд өнөөдөр ийм амжилтад хүрчээ” гэв.
Нийслэлийн 88 дугаар сургуулийн төгсөгч, бас багш нарын нэг Гавьяат багш Р.Арсланбат “Монгол нутаг гайхамшигтай. Түүний доторх төрөлх сургууль минь Төрхурахын амандаа 60 жилийн ойгоо ийнхүү тэмдэглэж байна. Би анхны төгсөгчдийн нэг. Энэ сургуульдаа биеийн тамирын багшаар, пионерын удирдагчаар ажиллаж байсан юм. Төрхурах гэж ЗХУ-ын тусламжаар байгуулсан сангийн аж ахуй байлаа. Хар үнэг, булга тэжээж, түүнийгээ экспортолж байсан. Гэрээсээ гүйгээд гараад ирэхэд л булга, үнэг хэвтэж байдаг тийм гоё газар байлаа. Төрхурахын аманд цас их ордог болохоор сургууль руугаа цанаар явдаг. “Цанахүү” тэмцээнд манай сургуулийнхан маш амжилттай оролцдог байв. Эсгий гуталдаа тэшүүр уяад л мөсөн дээгүүр гулгана, цанаа сургуулиа тойруулаад гоё өрчихсөн. Түүнийг нь хэн ч авахгүй, хичээлээ тараад уралдаад л харьдаг байлаа. 60 жилийн хугацаанд манай сургууль их өргөжжээ. Миний анхны шавь нар 60 нас хүрч, их урт хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Сургуулийнхаа ойг тохиолдуулан 20 хүүхдийг зусландаа үнэ төлбөргүй амраана. Мөн багш нар ойн баярын арга хэмжээ гээд маш их ядардаг. Тэднийгээ нэг өдөр очоод сайхан амраарай гээд дөрвөн гэр гаргаж өгсөн. Өөрийн чадах зүйлээрээ төрөлх сургуульдаа хандив өргөж буй минь энэ” хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.
Эл сургуулийн сурагчдаас спортын алдартнууд олноор төрсөн нь Төрхурахын аманд цас их унадагтай холбоотой гэнэ. Хүүхдүүд сургуульдаа ирэхийн тулд хол зам туулдаг, цасан дундуур явах аргагүй тул цана, чарга ашигладаг байжээ. “Өөрсдөө ч мэдэлгүй бэлтгэл сургуулилалт хийж байсан юм билээ” гэж төгсөгчид хөөрөлдөж байв. Мөн шатар, даамаар сурагчид нь оюунаа сорих тун дуртай гэнэ. Ангийн бүрийн ширээн дээр шатрын цаасан өрөг байрлуулсан байна билээ.
А.Тэмүүлэн