Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төслүүдээ танилцуулж эхлэв. Тус сангийнхан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг нь сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ зарласан.
Одоогоор үүний хүрээнд нийслэлийн 109, 207, 304 дүгээр цэцэрлэг болон 60 дугаар сургуулийнхан ойр орчмоо цэцэрлэгжүүлж, сургалтын зорилгоор жимсний мод, хүнсний ногоо тариад буй гэнэ. Эдгээр нь зай талбай, орчин нөхцөлөөсөө хамаараад 0.3-0.7 га талбайд, 650-1800 мод тарьжээ. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төсөл шалгарч, 0.3 га талбайд 650 орчим мод тарих санхүүжилт авсан байна. Үүнээс гадна СЭМҮТ, ХСҮТ-ийн төсөлд дэмжлэг олгожээ. Мөн нийслэлийн 97, 224, 270, 283, 311, 327 дугаар цэцэрлэгийн ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах санаачилгыг дэмжжээ.
Н.МИШЭЭЛ