Хүүхдийн эрүү, нүүрний, тэр дундаа шүдний гажиг гэхээр манайхан өнгөц ойлгох нь бий. Муруй, эсвэл орсгой шүдийг аппарат зүүлгээд засчихна гэж ярих нь олонтоо. Тэгвэл бага зэрэг далий, наана, цаана давхарлаж ургасан шүдийг ийм аргаар тэгшилж болох ч хүнд хэлбэрийн гажиг, идээт үрэвсэл, согогийг аппаратаар эмчлэх боломжгүй тул заавал мэргэжлийн хүний нөөц, зориулалтын орчин, багаж хэрэгсэл шаардлагатай аж. Харамсалтай нь, манай улсад хүүхдийн шүдний гажиг заслын төрөлжсөн эмнэлэг байхгүй. Аймаг, нийслэлийн эмнэлгүүд дэх Хүүхдийн шүдний кабинетуудын талаар энд огт яриагүй билээ. Учир нь эдгээр кабинетад хүүхдийн зөвхөн “хорхойтсон” шүдийг авах, эсвэл “ломбодох” л үйлчилгээ үзүүлдэг юм.
Манай улсад хүүхдийн шүдний төрөлжсөн эмнэлэг яагаад чухал вэ гэдгийг өвчлөлийн статистик “хэлж” өгнө. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны судалгаагаар, улсын хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэгт шүд ба түүний дайврын эмгэгүүд багтах болжээ. Тодруулбал, өнгөрсөн жил гэхэд л 10 мянган хүүхэд тутамд 1-4 насанд уг эмгэг 257.9, 5-9 насанд 313 тохиолдсон байна. Цаашлаад 10-14 насанд эл үзүүлэлт 309.3, 15-19 насанд 291.3 байгаа аж. Эдгээр нь зөвхөн амбулаторийн үзлэгээр оношлогдсон эмгэг, өөрчлөлт. Үүнд “хорхойтой” шүдтэй хүүхдийн тоо ороогүй гэсэн үг. АШУҮИС-ийнхан 18 хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь шүдний ямар нэгэн зовуурь, өвчин, эмгэгтэй гэсэн судалгааны дүнг танилцуулсан байдаг. Уг баримтууд хүүхдийн шүдний өвчлөл ямар хэмжээнд тархсаныг илтгэх биз ээ.
Иргэн Дулам (нэрийг өөрчлөв) хүүхдийнхээ шүдний гажгийг засуулах улсын эмнэлэг хайгаад олоогүй гэдгээ бидэнд хэллээ. Тэрбээр “Харьяа дүүргийн эмнэлгүүдэд хүүхдийн шүдний гажиг, буглаа, хүнд хэлбэрийн эмгэгийг эмчлэх боловсон хүчин, тоног төхөөрөмжгүй гэдгийг саяхан л мэдлээ. Эмч нар ихэнхдээ “32-ын тойрог дахь хуучнаар Шүд, эрүү нүүрний төв рүү яв” л гэж зөвлөдөг юм байна. Тэр хэрээр энэ төвийн дугаар, дараалал нь ч гүйцэгддэггүй. Сар гаруй хүлээж, тэнд очиход нэр нь өөрчлөгдөөд Нүүр, ам судлалын төв болсон байна лээ. Даанч албан ёсны улсын эмнэлэг ч биш, Анагаахын сургуулийн сургалтын бааз буюу оюутнуудыг сургадаг газар болж таарсан. Харамсалтай нь, тус төв хувийн эмнэлгээс ч илүү бизнесийн “уурхай” болчихжээ. Шүдний хөнгөн хэлбэрийн гажиг гэгддэг муруй, далий шүдийг тэгшлэх аппарат хамгийн хямд нь 1.8-2.5, гурван сая төгрөгийн ханштай. Тэндхийн эмч нар нь аппарат “зүүхээр” очсон хүүхдүүдийг улайм цайм хувийнхаа эмнэлэгт зуучилдаг, амралтын өдрүүдэд тэндээ дуудаж хийдэг гэхчлэн зөндөө асуудал гаргадгийг мэдэж авлаа. Юм л болбол шүдний аппаратаа зарах гэж улайрна. Улсын сургуулийн эмнэлгийн эмч нар өндөр төлбөртэй үйлчилгээг дээр хэлсэнчлэн хувьдаа шилжүүлэн авч буй бол энэ нь нэг талаас ёс зүйгүй, нөгөө талаас хууль бус үйлдэл мөн байх. Аргаа бараад би ч хүлээж тэвчихгүй зааж өгсөн хувийн эмнэлэгт нь хүүхдээ эмчлүүлсэн. Орон нутагт биш юм гэхэд ядаж улсынхаа нийслэлд хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн эмнэлэгтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм өндөр үнэтэй эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүд авах боломж үнэндээ алга” гэсэн юм.
Шүдний гажиг, согог заслын аппаратыг улсын эмнэлэгт нийлүүлж, түүнийг нь үнэгүй “тараах” боломжгүй байх л даа. Гэхдээ л ядаж холбогдох хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг, эхчүүд шаардаж байна. Учир нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй билээ. Зах зээлд хамгийн өндөр төлбөртэй шүдний тусламж, үйлчилгээг төр ийн орхигдуулж, хувийн эмнэлгүүдэд бизнесийн “таатай орчин” бүрдүүлж өгч байгаад нь л эцэг, эхчүүд гомдолтой байгаа юм. Ядаж үүнд даатгалаас хөнгөлөлт үзүүлэхийг тэд хүсэж байна.
Монголд хүүхдийн шүдний гажиг засах эмчилгээ хийдэг хувийн шүдний эмнэлэг хэд хэд бий. “My dent”, “Хатагтай”, “Импайр” зэрэг эмнэлэг нь хүүхдийн шүдний гажиг засахад зориулсан олон төрлийн зэмсэг, аппарат санал болгодог аж. Эдгээрээс “My dent” нь дангаараа хүүхдийн шүдний эмчилгээ, гажиг заслаар мэргэшсэн юм байна. Бусад нь үзлэг хийх, гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд аппарат санал болгодог гэнэ. Хүүхдийн амны хөндийн гажиг, согогийг бага насанд нь илрүүлснээр эмчилж, эдгэрүүлэх боломжтой. Үүнд эрүүний гажиг, ясны дутуу ургалт, зуултын согогууд, шүдний эгнээний алдаа ордог байна. Гэсэн ч хувийн эмнэлэгт эрүү тайрах, буглаа нээх, шүдний ёзоор авах, саажсан агт араа “гаргах” зэрэг хүүхдийн шүдний мэс засал огт хийдэггүй юм билээ. Ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг ЭХЭМҮТ рүү илгээдэг гэсэн.
Манай төр, хувийн хэвшлийн эмч нар шүдний гажгийг зөвхөн аппаратаар л засдаг гэх хэвшмэл ойлголтыг олон нийтэд ийнхүү бат суулгажээ. Тэгвэл олон улсад, ялангуяа хүүхдийн шүдний согогийг авагддаг зэмсэг, авагддаггүй аппарат, үйл зүй гэсэн гурван аргаар эмчилдэг юм байна. Орчин үед аль болох аппарат, зэмсэг зүүлгэхээс зайлсхийж, үйл зүйн аргыг түлхүү хэрэглэх болж. Энэ нь тухайн хүүхдийн буруу үйл, гаж зуршлыг нь багаас нь үе шаттай засаж, арилгах, дараа нь төрөлхийн зөв хөгжлийг нь сэргээдэг байна. Тодруулбал, эл арга нь шүдний муруй, гажиг засахаас гадна нүүрийг тэгш хэмтэй болгох, хүнд хэлбэрийн согог үүсэхээс үр дүнтэй сэргийлдэг гэж олон улсын “Буруу үйл, гажиг заслын эмнэл зүйн судалгаа”-нд онцолжээ. Хүүхдийн шүдний өвчлөл, гажиг нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд ч асуудал дагуулж буй нь үүнээс харагдана. Дэлхийн хэмжээнд бага насныханд шүдний ямар нэгэн асуудал байгаа, эсэхийг судлахад нийт хүүхдийн 62 хувь нь зовуурьтай гэж оношлогджээ.
АШУҮИС-ийн харьяа Нүүр, ам судлалын төвөөс гадна уг нь нийслэлд Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Гэвч эл төвд хүүхдээ үзүүлж, ганцхан шүдийг нь эмчлүүлнэ гэвэл тэнгэрээс од шүүрэхтэй л адил. Шүд, эрүү нүүрний төвийнхөн ажлын өдрүүдийн орой 19.50-д цахимаар үзлэгийн цаг захиалах утсыг ажиллуулдаг. Гэвч 20.00 цаг гэхэд “дараалал дүүрсэн” хэмээгээд хаачихдаг гэх. Ийм богино хугацаанд амжиж цаг захиалах ямар ч боломжгүйг эцэг, эхчүүд шүүмжилсээр буй. Эмч нар нь үзлэгийн цагуудаа урьдчилаад “зарчихдаг” учраас иргэдэд энэ мэт 10-хан минутын “боломж” олгодог талаар тэд учирладаг. Уйгагүй хөөцөлдөж чадвал хагас жилд хүүхдийнхээ ганц шүдийг эмчлүүлбэл барав гэнэ лээ.
Хүүхдийн шүдний гажиг нь төрөлхийн болон олдмол шалтгаантай. Олдмол нь ихэнхдээ хүүхдийнхээ “хорхойтой” шүдийг эмчлүүлэхгүй удсанаас буглаж, үрэвсэх, цаашлаад эрүү, шанаагаа хусуулж, тайруулах хэмжээнд хүрч буйг эмч нар сэрэмжлүүлдэг. Орон нутагт, ялангуяа шүдний эмч, кабинетгүй 330 сум эл үзүүлэлтийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж буйг салбарын яамныхан нь өөрсдөө хүлээн зөвшөөрдөг юм. Тэгсэн хэрнээ төр, засгаас бодлогоор хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй ашиглаж, оновчтой хуваарилж чадалгүй өдий хүрчээ. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхдээ 2-12 насныхны шүдийг эмчилж, эрүүлжүүлнэ гэсэн зорилгынхоо 50 хувийг нь ч биелүүлээгүйг дээрх статистикууд гэрчилнэ. Эцэст нь эл хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлэхээ зогсоож, орон нутаг руу хүрээг нь тэлнэ гэж албаныхан нэг хэсэг сурталчилсан ч мөн л амжилт олоогүй.
ЭМЯ-наас өнөө жил “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг улсын хэмжээнд эхлүүлж, нээлт гэж бас л баахан сүржигнэв. Энэ үеэр тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрынхан улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан 18 хүртэлх насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн нөхцөл байдал “гамшгийн” хэмжээнд хүрснийг зарласан. Нэг настай хүүхдүүдийн шүднийх нь 50 хувь нь өвчлөөд, үйрчихсэн байгааг ч анхааруулав. Мөн 18 хүртэлх насны 10 хүүхэд тутмын 6-8-д нь шүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэсэн судалгааг танилцуулсан. Тэгсэн хэрнээ эдгээр муу үзүүлэлтийг сайжруулахын төлөө өнгөрсөн хугацаанд хуруугаа ч хөдөлгөөгүй нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц бэлдэх, хүний нөөцөөр хангах ажил ор тас хаягджээ. Шүдний тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг нийслэлд, тасаг нэгж орон нутагт алга. Бараг бүх өвчний эхлэл, архаг, суурь эмгэгийн шалтгаан шүдний өвчлөлөөс үүдэн бага насанд ийн гүн бат “үүрээ” засаж байгаа нь харамсалтай.